С.Бямбацогт: Дотоодын нийлүүлэлт хомстолоос үүдэлтэй үнийн өсөлт бий болгохгүй байхад онцгой анхаар
С.Бямбацогт: Төсвийн нөөц, боломжоо тооцох ёстой
Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаар Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцсэний дараа асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан үг хэлэв. Тэрбээр “Үдийн хоол” хөтөлбөр зөвхөн хүүхдийг хооллох тухай асуудал биш, хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилт, сурлагын амжилт, эрүүл хооллох дадлыг дэмжихийн зэрэгцээ нийгмийн тэгш боломжийг бүрдүүлэх бодлого гэдгийг онцоллоо. Иймээс хүүхдийн хоол тэжээлд зарцуулж буй хөрөнгийг улс орны ирээдүйн хүний хөгжилд оруулж буй урт хугацааны хөрөнгө оруулалт гэж үзэх нь зүйтэй хэмээсэн. 2027 оны төсөвт хүүхдийн үдийн хоолны хөтөлбөрт 200 гаруй тэрбум төгрөг төсөвлөж, 6, 7 дугаар ангийн 140 орчим мянган сурагчийг нэмж хамруулсан бөгөөд 2028 он гэхэд 1-12 дугаар ангийн бүх сурагчийг хамруулах төлөвлөгөө, санхүүжилт, хүнсний аюулгүй байдал, хяналтын тогтолцоог бүрдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох хүрээнд холбогдох асуудлыг харьяалах Байнгын хороонд шилжүүлж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.
Монгол төр сүүлийн жилүүдэд ирээдүй болсон хүүхэд багачуудадаа зохих анхаарал тавьж, үдийн цай, хоолны хөтөлбөрийг хэрэгжүүлэн, улмаар хамрагдалтыг үе шаттайгаар, жил жилээр өргөжүүлж байгааг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт дурдаад “Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллах нь зүйтэй. Сургууль, цэцэрлэгийн хоолны төлбөрт асран хамгаалагчийн оролцоог хангахдаа зорилтот бүлгийн нөхцөлийг харгалзан үзэх, төр-хувийн хэвшлийн түншлэлээр асуудлыг шийдвэрлэх зэрэг гарц, шийдлийн талаарх гишүүдийн саналыг холбогдох талууд анхаарч үзээрэй. П.Сайнзориг гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Д.Үүрийнтуяа гишүүн ахалж байгаа. Төсөл дэх зохицуулалтыг анхаараарай, хэлэлцэж буй асуудалтай уялдуулах боломжтой гэж үзэж байна” хэмээлээ. Үдийн цай, хоол хөтөлбөрийн хамрагдалтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх шалтгаан нь төсөв гэдгийг тэрбээр тодотгоод, төсвийн нөөц, боломжоо тооцох ёстой гэдгийг мөн хэлсэн.