Л.Энх-Амгалан: Хотхоны бага сургуулийн тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн

Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайханаас ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаар Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэх үеэр “Энэ бол зөвхөн хоолны түүхий эдийн зардал юм. Цаашид зөвхөн үдийн хоолны түүхий эдийн зардлын санхүүжилтийг төсөвт тусгах нь учир дутагдалтай байгаа тул нэг хүүхдэд хүрэх хоолны үйлчилгээг бүрэн өртгөөр тооцож, санхүүжүүлэх шаардлагатай байгаа. Ерөнхий боловсролын бүх сурагчийг үдийн хоолоор хангахад дан ганц улсын төсвөөр санхүүжүүлэх боломжгүй тул олон талт эх үүсвэрийг бий болгох, хоолны үйлчилгээний үр ашгийг тооцох, орон нутгийн нөөц бололцоо болон эцэг эхийн дэмжлэгт тулгуурлах, хүнс хангамжийн нэгдсэн тогтолцоог төр-хувийн хэвшлийн түншлэлээр зохион байгуулах бодлогыг хэрэгжүүлэхээр судалгаанууд хийгдэж байна. Үүнтэй холбогдуулан School Meals Coalition (Дэлхийн сургуулийн хоолны эвсэл)-тэй хамтын ажиллагаа эхлүүлж, бусад улсын сайн туршлагыг судалж байна” гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Хоолны үйлчилгээнд бүх хүүхдийг тэгш хамруулахтай холбоотой хоол тэжээлийн тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд тохирсон орц, найрлага бүхий хоолоор үйлчлэх ажлыг эхлүүлээд байгаа талаараа Боловсролын сайд нэгдсэн хуралдаанд танилцуулав. Цаашид ерөнхий боловсролын хүүхэд бүрийг нас, биед нь тохирсон хоолны үйлчилгээгээр хангах чиглэлээр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоог бий болгох зорилтыг дэвшүүлж, тодорхой үр дүнгүүд гаргаад байгаа аж. Тухайлбал, Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн төвийг үндэсний төвийг байгуулжээ. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн хангамжийн тогтолцоог бий болгох зорилгоор Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагуудтай хамтран Дархан-Уул аймагт 2027 оны 01 дүгээр сараас хэрэгжүүлж эхлэх загвар төслүүд бий гэдгийг дурдсан. Үдийн цай, хоол хөтөлбөрийн хүрээнд бүтээгдэхүүн нийлүүлэлтийн асуудлаарх Б.Пүрэвдорж гишүүний асуултад “Холбогдох хуульд өөрчлөлт оруулж, 2026-2027 оны хичээлийн жилээс сургууль, цэцэрлэгүүд хүнсний бүтээгдэхүүнээ орон нутгийн малчид, тариаланчид, өрхийн үйлдвэрлэгчдээс шууд худалдан авах тогтолцоог бүрдүүлнэ. Ховд аймгийн Манхан суманд энэ загварыг эхэлж туршихаар төлөвлөж байна” гэдэг хариултыг Боловсролын сайд өгсөн.

photo_2026-11-13_17-07-51.jpg

Үдийн цай, хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаатай холбоотой хүний нөөц, дэд бүтцийг шийдвэрлээгүйгээс цэцэрлэг, сургуулийн багш, ажилтнуудад ачаалал нэмэгдэх, байр талбайн хомсдол үүсээд байгаа талаар Х.Булгантуяа гишүүн хэлж нийслэл тэргүүтэй шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээг, сургууль, цэцэрлэгийн онцлогт тохируулан төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг хүсэв. Багш, ажилтнууд үндсэн ажил, үүрэгтээ анхаарал хандуулж, ажиллах хүсэлтэй байгааг сайдад уламжиллаа. Улмаар сургууль, цэцэрлэгийн хоолны амт, чанарын стандартыг нэгтгэх, яваандаа асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, санаачилга гарган, арга хэмжээ нэвтрүүлэх шаардлагын талаар санал хэлсэн. Энэ жилээс хотхоны бага сургуулийн тогтолцоог нэвтрүүлж байгааг Л.Энх-Амгалан сайд онцлоод “Олон улсын байгууллагуудтай хамтран сургууль дундын гал тогооны жишиг төслүүд хэрэгжүүлж эхлээд байна. Олон улсынхаа жишгээр ч хоолны үйлчилгээнийхээ боловсруулах үйл явцыг сургуулийн гал тогоо эрхэлдэг. Бусад бэлтгэл үйл ажиллагааг хувийн хэвшлээрээ гүйцэтгүүлдэг. Энэ жишгийг хамгийн оновчтой гэж үзэж байгаа” гэв. Өмнө нь нийслэлийн сургуулиуд түрээсийн гал тогоотой байсан бол одоо 80 орчим хувь нь өөрийн гал тогоотой болж, хоолны үндсэн зардал буюу 3500 төгрөг хүүхдийн хоолны шууд зардал болж байгаа давуу талтайг хэллээ. Тиймээс сургуулийн гал тогооны үйл ажиллагааны талаар илүү тодорхой зохицуулалт хийх нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж. Асран хамгаалагчийн оролцооны асуудлыг цэцэрлэгийн хоолны төлбөр дээр туршсан нь үр дүнтэй болсон хэмээгээд, ирцийн хяналт сайжирч, улмаар холбогдох үр дүнгүүд гарч хичээлийн нэг жилд 15 орчим тэрбум төгрөгийг хэмнэсэн гэлээ.