Үдийн хоолоор үе шаттай хангахад нийт 218 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай

Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайханаас ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаар Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ. Асуулгын хариуг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулав.

2026–2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 1–5 дугаар ангийн 341 мянган сурагчид үдийн хоолоор үйлчилж байгаа аж. Бага ангийн сурагчдад үдийн хоолоор үйлчлэх зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж байгаа бөгөөд 2026 оны аравдугаар сарын гүйцэтгэлээр 106 тэрбум төгрөг зарцуулжээ. Ирэх оны нэгдүгээр сараас бага ангийн хүүхдийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 3,500 төгрөг болгохоор төлөвлөсөн бөгөөд үүнд нийт 244.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусгажээ.

Үдийн хоолны хөтөлбөр нь сурагчдын эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, сурлагын амжилт, ирцэд эерэг нөлөө үзүүлж байгааг сайд дурдав. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар бага ангийн хүүхдүүдийн биеийн хөгжлийн зарим үзүүлэлт сайжирч, ясны сийрэгжилт буурсан, хичээлд хамрагдалт нэмэгдсэнээс гадна өглөөний цайгаа тогтмол уух дадал сайжирсан байна.

Харин үдийн хоолны үйлчилгээтэй холбоотой зарим хүндрэл байгааг сайд онцоллоо. Тухайлбал, хүний нөөцийн тоо, ур чадвар дутмаг, хүнсний хангамж, чанар, аюулгүй байдлыг хангах, стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж бүхий гал тогоог бүх сургуульд ажиллуулахад бэрхшээл тулгарсаар байгаа аж.

Эдгээр сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр “КОЙКА”, “ЖАЙКА” зэрэг олон улсын байгууллага болон хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байгаа гэв. Дунд болон ахлах ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулахтай холбоотой улсын хэмжээний нэгдсэн зохицуулалтыг 2027 оноос эхлэн хэрэгжүүлэх юм байна.

Ирэх онд цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны түүхий эдийн зардалд 144 тэрбум төгрөг нэмж тусгасан бөгөөд төсвийн хэлэлцүүлгийн үеэр 6, 7 дугаар ангийн 137 мянган хүүхдийн үдийн хоолны зардалд нэмэлтээр 50 тэрбум төгрөг тусгах санал гаргаснаар нийт 194 тэрбум төгрөгийн санхүүжилт яригджээ. Зарим аймаг, орон нутаг өөрсдийн төсвийн хүрээнд дунд, ахлах ангийн 22 мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилж байгаа аж. Тухайлбал, Өмнөговь, Дорноговь, Завхан, Ховд аймаг долоо хоногийн таван өдөр дунд, ахлах ангийн хүүхдүүдэд халуун хоолоор үйлчилж, орон нутгийн төсвөөс нийт 1.4 тэрбум төгрөг зарцуулсан сайн туршлага байгааг Боловсролын сайд танилцууллаа.

Түүнчлэн “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг 18 аймаг болон нийслэлийн 520 сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлж байгааг мэдээлэв.

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхэд бүрийг цэвэр усаар хангах зорилгоор “Эрдэнэт” үйлдвэрийн дэмжлэгтэйгээр “Амин ус” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.

Боловсролын яамнаас дунд, ахлах ангийн хүүхдүүдийг үдийн хоолоор үе шаттай хангах дунд хугацааны төлөвлөлт боловсруулж, 2026 оны тавдугаар сард Улсын Их Хурлын 28 дугаар тогтоолыг батлуулсан байна. Уг тогтоолоор 2029 он гэхэд дунд ангийн сурагчдыг, 2030 он гэхэд ахлах ангийн сурагчдыг үдийн хоолоор бүрэн хангахаар тусгажээ. Дунд болон ахлах ангийн сурагчдыг үдийн хоолоор үе шаттай хангахад нийт 218 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатайг Л.Энх-Амгалан сайд танилцууллаа.