У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэсэн
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулахыг дэмжлээ
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцуулсан. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг 2025 оны 4 дүгээр сард боловсруулах үед Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 12 тоот албан бичгээр ирүүлсэн Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд нэг тонн нүүрсний экспортын үнийг 2025 онд 85 ам.доллар, 2026 онд 88 ам.доллар, 2027 онд 92 ам.доллар, 2028 онд 96 ам.доллар байх таамаглал ирүүлсэн. Тухайн үеийн олон улсын зах зээлийн нөхцөл байдал, мэргэжлийн шинжээчдийн боловсруулан зарласан төсөөлөл зэргийг харгалзан нүүрсний үнийн төсөөллийг тус зөвлөлөөс ирүүлсэн төсөөллөөс бууруулж, 2025 болон 2026 онд 80 ам.доллар, 2027 болон 2028 онд 77 ам.доллар байхаар тус тус тооцсон гэдгийг Тэргүүн Шадар сайд танилцуулгадаа дурдсан.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш зарлагдсан статистик мэдээллээр манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын үнэ 2025 оны эхний 5 сард дунджаар 72 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 39 хувиар буурахын зэрэгцээ эдийн засгийн өсөлт 2025 оны эхний улиралд 2.4 хувь болж саараад байна. Цаашид төсвийн орлого, дунд хугацаанд бидний төсөөлснөөс бага байх эрсдэл өндөр байна гэлээ.
2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгааг Н.Учрал сайд танилцуулгадаа тодотгоод тус хуульд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өөрчлөлт оруулсан тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газар жилийн төсвийн төслийг 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх боломжгүй болох нөхцөл үүсэхээр байгааг онцлов.
Хуулийн төсөл батлагдсанаар макро эдийн засгийн болон төсвийн төлөв байдалтай уялдуулан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ болон нийт зарлагын дээд хэмжээг бууруулах өөрчлөлт орсонтой холбоотойгоор жилийн төсөв болон төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн, Б.Мөнхсоёл, Ж.Баясгалан, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нь төсвийг дунд хугацаанд зөв төлөвлөх, төсвийн сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх, эдийн засагт онцгой чухал гэдгийг тодотгохын зэрэгцээ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэв. Гэхдээ дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлагын дээд хэмжээнд бууралт үүссэн бол өөрчлөлт оруулахаар тусгасан уг заалтыг хэлэлцүүлгийн шатанд тодорхой, давтагдашгүй эсхүл урьдчилан таамаглах боломжгүй нөхцөлд гэх зэргээр хэмжээстэй болгож, нарийвчлан тусгах шаардлагатай гэж байлаа. Мөн цаашид төсвийн төслийг хэт өөдрөгөөр төсөөлж оруулж ирэхгүй байхад Засгийн газар анхаарах шаардлагатай гэсэн санал хэлж байв.
Ингээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь дэмжлээ.








