Утаанаас илүү гамшиг хаалга тогшиж эхэллээ

93, 456, 53, 43,6, 27,2. Энэ бол зүгээр нэг тоо биш. Харин 2011-2023 оныг хүртэл агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан мөнгөн дүнгийн хэмжээ. Саяар биш тэрбумаар шүү. Ойролцоогоор 670 орчим тэрбум төгрөгийг Монгол Улсын нийслэл Улаанбаатарын утааг бууруулахад зарцуулсан нь энэ. Зөвхөн 2018-2024 оны хооронд гэхэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулж үйл ажиллагаанд нь 1,7 их наяд төгрөгийг зарцуулж үзэв. Улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар зарцуулсан 670 тэрбумыг нэмж тооцвол бараг 2,4 их наядаар агаарын бохирдолтой тэмцжээ.

Үр дүн гарсан уу, мэдээж гарсан. Гэхдээ Улаанбаатар утаанаасаа бүрэн салж, уушги дүүрэн цэвэр агаар амьсгалсангүй. Эсрэгээрээ утаанаас үйдэлтэй уур бухимдал нийгмийн бүхэлд нь хамардаг хэвээрээ л үлдэв. Улсын Ерөнхийлөгч нь хүртэл УИХ-ын дарга тэргүүтэй Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудыг өрөөндөө дуудаж жавтий хүртээсэн нь саяхан. Гээд хавартай золгосон даруйдаа утаагаа мартдаг улирлын шинж чанартай “ой санамж” Улаанбаатарчуудын  ой тоонд хэдэн он дамнан хадагдахыг таашгүй. Гагцхүү утаанаас илүү гамшиг Улаанбаатар гэлтгүй Монгол Улсын нийт хүн амын дэргэд хаалга тогшиж эхэлснийг энд тодотгох гээд байгаа юм. Тэр нь жилээс жилд өсөн нэмэгдэж Азидаа төдийгүй дэлхийд эхний байрт бичигдэх хавдрын өвчлөл. Үүнийг хавдрын шалтгааны эрсдэлт хүчин зүйлсийн талаар хийсэн статистикаас харж болно.

Статистикт дурдсанаар хүн амын дундах хавдрын эрсдэлийн хүчин зүйлсийн гол шалтгаан нь зохисгүй хооллолттой холбоотой болохыг дурджээ. Өөрөөр хэлбэл, хавдраар өвчилж байгаа хүмүүсийн 30-35 хувь нь зохисгүй хооллолтоос шууд хамааралтай гэсэн үг. Нийт өвчлөгсөдийн гуравны нэгээс дээш хувь идэж, ууж байгаа хүнснээсээ болж хавдар тусдаг хэрэг. Эсрэгээрээ агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл ердөө хоёр хувьтай байгаа нь хүссэн ч, эс хүссэн Монгол Улс хүнсний аюулгүй байдалдаа нэн тэргүүнд анхаарал шаардлагатай болсны бодит илрэл юм.

Уг нь Багануур, Налайх, нийслэл гэсэн гурван байршилд хүнсний лаборатори бий. Энгийн үгээр хэлэхэд бидний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг идэж болох, болохгүй, хортой, хоргүй эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинжилдэг. Өөрөөр хэлбэл, 1.5 сая хүний өдөр тутамдаа эрүүл, аюулгүй хүнс хэрэглэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийдэг. Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборитори гээд хамгийн том нь Стандарт, хэмжил зүйн газрын харьяанд бий. Гэвч 2009 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар байгуулсан эл лабораторид нэг ч хөрөнгө оруулалт хийгээгүй өнөөдрийг хүрч байна. Угтаа бол Монгол Улсын хилээр оруулж ирж байгаа бүх хүнсэнд шинжилгээ хийх эл газрын үүрэг. Гэтэл оруулж ирж байгаа бүтээгдэхүүний аюулгүй үзүүлэлтийн 80 хувьд нь хийдэг. Үлдсэн 20 хувьд нь шинжилгээ хийж чаддаггүй. Үндсэндээ ийм хэмжээгээр Монгол хүн эрсдэлд орж байна гэсэн үг.

Аймгуудын сорилтын лаборатори тухай яриад ч хэрэггүй. Ердөө 20-25 хувийг үздэг. Үлдсэн 75 хувь нь эрсдэлтэй байгаа нь бидний хүлээн зөвшөөрөх ёстой бодит үнэн юм. Итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадал хангалтгүй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилж чадахгүй байгаа нь манай улс хүнсний аюулгүй байдлаа бүрэн хянаж чадахгүй байгаагийн нэг жишээ.

Хүн амынхаа эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүнийг 100 хувь шинжилж чадахгүй яваа нь цөөхөн монголчуудын хувьд гамшгийн дохио хангинуулж, хүн бүр анхаарлаа хандуулах гол шалтгаан. Ингэхийн тулд нэн тэргүүнд юу хийх ёстой вэ? Мэдээж хүчин төгөлдөр мөрдөж байгаа суурь хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах, бүр шинэчилж салхи оруулах нь зүй.

Яг ийм үндэслэлээр Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл /https://d.parliament.mn/tusul/a32e90e3-f430-4b94-b688-db849ba50860/-ийг парламентын түвшинд боловсруулж эхэлжээ. Автор нь УИХ-ын гишүүн М.Мандхай. Үзэл баримтлал, үндсэн агуулга нь хүн бүр эрүүл ахуйн шаардлага хангасан, шим тэжээллэг, баталгаат хоол хүнсээр хангагдах эрхийг хангах. Үүгээр хүнс, хөдөө аж ахуй, хоол үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, худалдаа, үйлчилгээнд тавигдах холбогдох стандарт, техникийн зохицуулалт хийхээр тусгажээ. Мөн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нар зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээ итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагаар баталгаажуулахаар хуульчлах аж.

Өнөөгийн түвшинд хүнсний баталгаат байдал гэдгийг хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгож, тодорхойлдог. Түүнд нь эрүүл, эко хүнс гэх хандлага жин дарна. Тэр нь ч үнэн. Гэхдээ хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, эрүүл ахуйг хангахад наад захын стандарт, техникийн зохицуулалт хэрэгтэй. Хоол үйлдвэрлэлийн үйлчилгээнд ч эрх бүхий этгээдийн баталсан жор, технологийн дагуу техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн хүний нөөц, түүгээр үйлчлэх стандарт хэрэгтэй. Гээд тоочвол М.Мандхай гишүүний боловсруулж эхэлсэн хуулийн төсөлд хүнсний хэрэглээг нэгдсэн стандарттай болгож, нийт хүн амыг эрүүл, зохистой хооллолтын дадалд хөтлөх суурь өөрчлөлтүүд багтжээ.

Онцлоход хуулийн төсөл боловсруулалтын шатандаа яваа учраас хэд хэдэн удаагийн уулзалт, хэлэлцүүлэг, Ажлын хэсгийн түвшинд асуудлыг илүү өргөн хүрээнд авч үзэх нь мэдээж. Гагцхүү Монгол Улс утаанд хөрөнгө оруулж ирсэн шигээ хүсний салбартаа хүч хаях цаг болсныг хавдрын эрсдэлт хүчин зүйлийн гуравны нэгийг зохисгүй хооллолт дангаараа эзэлж эхэлсэн статистик бэлхнээ харуулж байна. Хэн нэгний санаанаасаа гаргаж ирсэн биш Хавдар судлалын үндэсний төвийнхөн өөрсдөө хийсэн бодит статистик шүү. 

“Хоолыг эм шиг хэрэглэхгүй бол хожим нь эмийг хоол шиг хэрэглэдэг болно” гэсэн үг бий. Тиймээс л нийт хүн амынхаа эрүүл зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, хоол, хүнсний зохистой хэрэглээний талаар суурь боловсрол, дадал бий болгох нь нэгдүгээрт эрэмбэгдэх асуудал болоод байна. Одоо байгаа суурь хуульдаа салхи оруулахгүйгээр мянга сайхан хөтөлбөр, аян, акц өрнүүлэх нь усанд чулуу шидэхтэй агаар нэг гэсэн үг.

С.Сүлд