Л.Оюун-Эрдэнэ хүний өөрийнгүй “хуйхалж” байна

Авлигатай тэмцэх амар ажил биш. Хууль нь сайн байгаад хүн засаглаж байвал урагшлахгүй. Хүн нь сайн агаад хууль зөөлөн бол бас л үр дүнд хүрэхгүй. Ерөөс хууль нь ч, хүн нь ч нэг зүг рүү харж байж ахиц гарна, ажил урагшаа явна. Еэвэнгийн  хоёр тал л гэсэн үг юм. Гол нь бүх юмын хуулийн хүрээнд, хүртээмж нь эрх тэгш, ямар нэгэн ялгаваргүй байх учиртай. Мэдээж ард түмний дэмжлэг хэрэгтэй, хамгийн хэрэгтэй. Өнөөгийн Монголын улс төрийн уур амьсгал яг ийм замналаар туучиж байна. Гэдэг нь Үндэсний баялгийн сангийн тухай хуультай шууд холбогдоно. Санаачилж, боловсруулахаас эхлээд УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан автор нь өнөөдрийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Хүчин төгөлдөр мөрдүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулахаар танхимынхаа бодлогыг зангидаж буй гүйцэтгэх засаглалын тэргүүн нь ч мөн л тэр. Үндсэндээ Үндэсний баялгийн санг амилуулах цаг хугацааны давхцал аль ч талаасаа  Л.Оюун-Эрдэнэд хаяглагдаж бууна. Гагцхүү тэр нь гай тарих уу, гавьяа болж үлдэх үү? гэсэн түүхэн мөчлөг дээрээ ирлээ. 

Санаж байгаа бол Тавантолгойн бүлэг ордын “Ухаа худаг”-т хамаарах хэсгийг хувийн хэвшилд өгөхдөө хууль зөрчсөн эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулснаа О.Алтангэрэл сайд зарласан тухайн үедээ шуугиан тарьсан. Үргэлжлүүлээд “Төгрөг нуур”-ын ордыг үндэстэн дамнасан схем үүсгэх замаар 250 сая ам.доллораар зарсан асуудлыг Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдэгдсэн нь уул уурхай дагасан улс төр, бизнесийн ашиг сонирхол нэгтэй хэсэгт томоохон цочроо болсон. АТГ-аас хэрэг үүсгэсэн эл асуудал өдгөө прокурорын шийдвэрээр цагдаагийн байгууллагатай хамтарсан өргөн бүрэлдэхүүн бүхий ажлын хэсгийн шалгалтаар үргэлжилж, мөн өргөжив.

Харин өнөөдөр Тавантолгой ордын "Бортээг"-ийн уурхайд түншлэлийн компаниудтай байгуулсан гэрээг хүчингүй болгох шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гаргасныг сайд Н.Учрал мэдэгдлээ. Үүнийгээ “Миний бие төр, түмнээс алдагдсан стратегийн орд газруудын 34-50 хувийг Үндэсний баялгийн санд эргүүлэн авч, баялагтаа эзэн монгол хүн бүрд үр өгөөжийг хүртээх даалгавартай ажлын хэсгийг ахлан, ажиллаж байгаа. Монголын баялаг бол аль нэгэн намын өмч огт биш. Монголын баялаг хэн нэгэн улстөрчийн хувийн хөрөнгө хэрхэвч биш. Зэс, нүүрс, уран, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө бүгдээрээ Монголын баялаг. "Төгрөг нуур" ч бай, "Ухаа худаг" ч тэр, овоо толгой, уул овоолго бүгд Монголын баялаг. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Ийм учраас ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх, баялгийн сангаараа дамжуулан эрүүл мэнд, орон сууц, боловсролдоо зарцуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн улс” гэв. Эндээс харахад “Ухаа худаг”, “Төгрөг нуур”-ын орд тойрсон улс төрийн галыг “Бортээг”-ийн уурхайд үйл ажиллагаа явуулж асан компаниудын эрх ашиг өрдөх нь тодорхой болов.

Ер нь Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралын байр суурийг хувь улстөрчийн гэхээсээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн, тэргүүлдэг танхимынх нь бодлого гэж харах нь үнэнд илүү нийцнэ. Нэгдүгээрт, тэр бол 16 яам, 22 сайдтай Хамтарсан Засгийн газрын “гал тогоо”-г зангидаж буй Хэрэг эрхлэхийн дарга. Хоёрдугаарт, Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн ахлагч нь Н.Учрал. Үндсэндээ МАН, АН гэлтгүй аль намын үед, хэн эзэмшсэн байхаас үл хамаарахгүйгээр хуулийн хүрээнд хэлэлцээр хийх, хувь тогтоох асуудлыг хариуцах нь түүний үүрэг. Үндэсний баялгийн сангийн болон Ашигт малтмалын тухай хуулиар бүрдүүлсэн эрх зүйн орчин нь ч нээлттэй. 

Гээд харвал энэ хаврын гэлтгүй 2025 оны улс төрийн бүрэн зураглалыг уул уурхай, тэдгээрт хамаарах тусгай зөвшөөрөл бүхий эрх ашиг бүхэлд нь тодорхойлох магадлал нь өндөр. Н.Учрал сайд ч хэлсэн байна лээ, “Би айгаад ухарч, няцаад байхгүй” гэж. Хувь улстөрч гэхээсээ Хэрэг эрхлэх газрын даргын өнцгөөс хэлсэн байж таарна. Ерөнхий сайд захирамж, Засгийн газрын тогтоол нь хэдийнэ гарсан, өөрөө ч үүрэг хүлээсэн, үндэслэл нь баримттай болохоор ийн зоригтой дуугарч байгаа хэрэг.  Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүний өөрийнгүй ийнхүү “хуйхалж” эхэллээ, Хэрэг эрхлэхийн даргаараа дамжуулж. Яг л “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид журмын нөхөдтэйгээ, өөрсөдтэйгээ, нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг. Намын нөхдөө гэх үү, эх орноо гэх үү” гэж хэлж байсан шиг ээ!

Г.Эрхэс