Ерөнхий сайдын хүсэл бас уриалга
Монгол Улсын төсвийн нийт орлогын 31 хувь, экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбар эзэлдэг. Үүнийх нь дийлэнхийг нүүрс, зэс бүрдүүлдэг. Дэлхийн зах зээл дээрх ханшийн болон экспортын өсөлт, бууралт шууд утгаараа жин дардаг гэсэн үг. ОХУ-Украины дайн, АНУ-Хятадын тарифын маргааны дам нөлөө төсвийн орлого, гүйцэтгэлд мэдрэгдэж эхэлсэн нь үүний бэлээхэн жишээ. Гэхдээ гадаад орчин дахь тодорхойгүй байдлыг даван туулах Монголын байр суурь тодорхой байх ёстой. Тэр нь Үндэсний баялгийн санд тулгуурласан олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн салбар, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, эрчим хүчний мега төслүүдийг цаг алдалгүй тууштай хэрэгжүүлэх.
Уул уурхайгаас орлого олж байгаа нь үнэн ч иргэдийн амьдралын чанар, орон нутгийн хөгжил, дэд бүтэц тойрсон асуудлыг хангалттай хэмжээнд шийдвэрлэж чадавхгүй яваа нь бодит факт. Хэдийгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-ыг Үндэсний баялгийн сангаар дамжуулж тэгш хүртээмжтэй хуваарилж, нийгмийн хөгжлийн суурь асуудлыг шийдвэрлэх учиртай ч ойлгомжтой бус, ил тод биш буй нь гол тушаа болсоор ирсэн. Тиймээс “нөөцийн төлбөр” (royalty)-ийг олон улсын сонгодог утгаар нь Үндсэн хуулийн 6.2-т заасан “Одоо ба Ирээдүйн иргэн бүрд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээх” үндсэн зарчмыг баримтлан Үндэсний баялгийн сангийн төлбөр болгон тодорхойлсон нь жил гаруйн өмнөхөн.
Үүгээр нийт орлогын 50 хувийг Ирээдүйн өв санд хуримтлуулан хадгалахаар хуульчилсан юм. Харин Хуримтлалын санд таван хувь ба стратегийн ордын 34 хувьд ногдох ногдол ашиг болон ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг төвлөрүүлнэ. Хөгжлийн санд гэхэд тав, Бүс ба орон нутгийн санд 15 хувийг төвлөрүүлж, цаашид 2030, 2040, 2050 онуудад үе шаттай нэмэгдүүлнэ.
Өөрөөр хэлбэл, ирээдүй хойч үедээ 33, иргэдийн хуримтлалд 33 хувь, үндэсний хөгжил ба бүс, орон нутгийн хөгжилд 33 хувийг бүрдүүлэх урт хугацааны стратегийг эрх зүйн хувьд тодорхойлох нь энэ Засгийн газрын зорилт. Ингэснээр Үндэсний баялгийн санг арвижуулан бүрдүүлэхийн төлөө иргэд, орон нутгийн удирдлага, иргэний нийгмийн байгууллага, үндэсний аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид бүх нийтээрээ хамтран ажиллах “Шинэ гэрээ”, зөвшилцөл, ойлголцлын суурь зарчим бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд оруулах эл өөрчлөлтийг хэлэлцэж, дэмжихийг парламентаас хүсэв.
Монголын топ, толгой компанийн удирдлагуудад ч уул уурхайн шинэ эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрч, Үндсэн хуулийн суурь зарчмын хүрээнд Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалав. Үндсэндээ хурдтай хөгжлийн төлөө ЗОРИГ гарган үндэсний баялгийн сангийн тогтолцоогоор дамжин олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээхийг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдсэн нь энэ.
Монгол Улсын хувьд уул уурхайн орлогоос бүрдсэн Баялгийн сан байгуулах алхмыг 2009 онд хийж Хүний хөгжил сан, 2016 онд Ирээдүйн өв сан байгуулж байсан түүхтэй. Улмаар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээн хуульчилсан.
Энэ хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сард анх удаагаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Ерөнхийлөгч, УИХ-ын дэмжлэгтэйгээр баталсан байдаг. Баялгийн санг бүрдүүлэх эхлэл үйл явц аль ч улсад улс төр, нийгмийн халуун мэтгэлцээн, хардлага дунд өрнөдөг ч дэлхийд 100 гаруй санд нийтдээ 13 их наяд ам.долларын хөрөнгө төвлөрч байна.
Монгол Улс ч үүнийг тойроогүй. "Эрдэнэт, Тавантолгой, Оюу Толгой зэрэг ордыг тойрсон олон жилийн маргаан өнөөдрийг хүртэл яваа ч өөрсдийн онцлогт тохирсон Үндэсний баялгийн санг байгуулснаар түрүүчээсээ орлого төвлөрүүлж, арвижуулж эхэлсэн. Хуулийг хэрэгжүүлж эхэлснээр дараа олон жил гацсан мега төслүүд гацаанаас гарч, хөрөнгө оруулагчид идэвхжиж буй нь баялгийн сангийн эерэг үзүүлэлт. Харин энэ удаад баталсан хуулиа илүү ойлгомжтой, ил тод болгох асуудлыг хөндөх шаардлагатайг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламентаас хүсч, хэлэлцээрийн ширээнд суухыг хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэнд уриалсан нь энэ хаврын улс төрийн бас нэгэн өнгө байх бололтой.
Г.Эрхэс


