4239 гадаад иргэнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлжээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай Улсын Их Хурлын гишүүний асуултын хариу болон хууль, тогтоолоор үүрэг, чиглэл өгсөн Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонсож хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандан гурван асуулт тавьсан юм. Эхнийх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өнгөрөгч 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн 660.0 мянган төгрөг болгож өсгөсөн атал 2025 оны дөрөвдүгээр сарын 01-нээс дахин нэмж 792.0 төгрөг болгосон нь хоёр жилд нэг удаа шинэчлэн тогтоохоор заасан хуулийн хугацааг зөрчсөн эсэх тухай, дараагийнх нь уг доод хэмжээг ийнхүү нэмэгдүүлснээр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, улсын төсөвт ирэх ачаалал хэрхэн тооцсон тухай байлаа. Гурав дахь асуулт нь хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулаагүй аж ахуйн нэгж, байгууллагын ажиллуулбал зохих орон тоо тутамд ногдох төлбөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байхаар хуульд заасны дагуу болон гадаадаас ажиллах хүч авч байгаа аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй нөлөөллийн судалгааны тухай юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан дээрх асуултуудад хариулт өгөхдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны шийдвэр, гурван талт хэлэлцээрийн заалтыг үндэслэн нэмэгдүүлснийг дурдаж, холбогдох талуудын санал, удаа дараагийн шаардлага, хамтарсан ажлын хэсгийн нарийвчилсан судалгаа, тооцооллыг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Мөн тэрбээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр энэ хэмжээгээр цалинждаг ажилчин, албан хаагчдын цалин хөлс нэмэгдэхийн зэрэгцээ хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний, амаржсаны, ажилгүйдлийн зэрэг тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж буйг дурдаад, нөгөөтэйгүүр сайн дурын болон төрөөс хариуцаж буй даатгуулагчдын шимтгэл төлөлт, ажил олгогчийн цалингийн зардал өсөхөөр байгааг хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сангийн орлого 129.9 тэрбум төгрөгөөр өсөх бол тус сангийн зарлага 38.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг тэрбээр тооцоо судалгаа дурдан танилцууллаа.

Зохих орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулаагүйн төлбөрөөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2024 онд 4346 хүний 7.1 тэрбум төгрөг төвлөрсөн бол энэ оны гуравдугаар сарын 25-ны байдлаар холбогдох, хууль, журмыг үндэслэн 125 байгууллагын 4239 гадаад иргэнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлжээ.

Үндэсний статистикийн хороо болон Монголбанкны хийсэн тооцооллоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлт сарын инфляцид 0.02 нэгж хувиар нөлөөлөх буюу үндсэндээ нөлөөгүй гэдгийг сайд мэдээлэлдээ дурдаж, харин дээрх хэмжээг нэмэгдүүлэхгүй байснаар цалин багатай ажилтан болон тэдний гэр бүлийн өрхийн хэрэглээ хязгаарлагдаж, амьжиргааны түвшин буурах, залуучууд гадаадад ажиллахыг эрмэлзэх, мэргэжлийн боловсон хүчний хомсдол үүсэх, ажилтны сэтгэл ханамж, хөдөлмөрийн бүтээмж муудах, ниймийн тэгш бус байдал нэмэгдэж, амьдралын чанар доройтох зэрэг сөрөг нөлөөлөлтэйг онцолсон юм. Цаашид Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага болон бусад улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дундаж цалингийн 40–66 хувьтай тэнцүү байх ёстой гэх хэм хэмжээг нэвтрүүлэх, үүнийг ямар нэгэн төлбөр, шимтгэл тогтоох хэрэгсэл болгон ашиглахыг болиулж үндсэн зорилгын дагуу бага цалинтай ажилтны цалин хөлс, орлогыг хамгаалахад чиглүүлэх, ур чадварт тохирсон цалин олгож монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх бодлогын болон эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэсэн юм.