Д.Амарбаясгалан: Ерөнхий сайдын төслийг хэлэлцэх хуулийн цаг эхэлсэн
Б.Жавхлан: 12 их наядын санхүүжилтийн дүнгээс 1.5 нь төсөвт суусан
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад өгсөн хариултдаа Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны батлагдсан төсөвт ашиглавал зохих хүлээгдэж байгаа 12.0 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн дүнгээс 1.5 их наяд төгрөг суусан гэдгийг мэдээлж, энэхүү хэлэлцээр соёрхон батлагдлаа гэхэд энэ ондоо төслийн бэлтгэл ажлыг хангах хэмжээний санхүүжилт гарна. Энэ нь 1.0 сая орчим ам.доллар болох бөгөөд үүнийг улсын төсөвт суусан 1.5 их наяд төгрөг дотор багтаана гэлээ. Цаашид 46.0 сая ам.долларын санхүүжилтийг ирэх жилүүдийн төсвийн багтаамжид тохируулан, ихээхэн шахцалдуу байдалтайгаар санхүүжүүлээд явна гэсэн юм.
Мөн тэрбээр Нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг томоохон хөрөнгө оруулалтууд хүлээгдэж байгааг онцолж, нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг эхний ээлжинд санхүүжүүлэх бодлогыг Засгийн газар баримталж буйг дурдсан юм. Түүнчлэн Сангийн сайд эрчим хүчний суурилагдсан эх үүсвэрүүдээс цахилгаан дамжуулах агаарын шугамын хэрэгцээ 1842 км байгааг дурдан, “Эрчим хүч 3 төсөл”-өөр үүний 10 хувийг хийнэ гэсэн юм. Мөн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан Засгийн газрын өр 2015 онд 90 хувьд хүрчихсэн байсан бол өнгөрсөн жилийн эцэст 41.8 хувь болж хоёр дахин буурсан гэдгийг танилцуулсан юм.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мөн эрчим хүч бол нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал учир Байнгын хорооны гишүүд зээлийн хэлэлцээрийг дэмжсэн гэсэн хариултыг өгч, хэрэгжүүлж чадахгүй байгаа төслүүдийн хувьд Засгийн газар төслүүдээ эрэмбэлээд, хэрэгцээгүй төслүүдээ болих нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүч 3 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт ашиглаагүй санхүүжилтэд дөрвөн жил хүү, төлбөр төлөхгүй гэсэн заалт тусгасныг танилцуулж, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк төсөл хэрэгжүүлэгчийг олон улсын тендерээр шалгаруулдаг журамтай гэдгийг онцоллоо.




