"Улаан цутгалан" хүрхрээн дээгүүр алхана

"Хамгийн өндөрт үзүүлбэр хийсэн жүжигчин” хэмээх тодотголтой циркчин М.Мягмарсайхан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын "Улаан цутгалан" хүрхрээн дээгүүр өнөөдөр утсан дээр алхахаар төлөвлөжээ. Тэрбээр энэ удаа 25 метрийн өндөрт 65 метр урт төмөр утсан дээгүүр алхаж, тэнцвэрийн үзүүлбэр хийхээр бэлтгэж байгаа аж. Түүний үзүүлбэрийн аюулгүй ажиллагааг Циркийн сургуулийн багш Х.Ганболд, акробатчин А.Чүвсэнсэнгэ нараар удирдуулсан баг ажиллаж байгаа гэнэ.

Энэ нь байгалийн үзэсгэлэнт орчинд чанга утасны үзүүлбэр хийх гэж буй Монголын анхны тохиолдол аж. Түүний энэ үзүүлбэр тоглолтыг олон улсад "skywalk", "highwire" хэмээн нэрлэдэг. АНУ болон Швейцарьт түгээмэл хөгжжээ. М.Мягмарсайхан 2005 онд Швейцарь улсад 30 метрийн өндөрт хоёр краны хооронд 120 метр утсан дээр харанхуйд нуруундаа салют зүүж алхсан байдаг. Мөн Германд циркийн орой дээрээс барилгын хооронд татсан өгсүүр 15-30 метрийн өндөртэй, 40 метр замыг чанга утсан дээгүүр алхжээ.

Циркчин М.Мягмарсайхан 2009 онд БНСУ-ын Сөүл хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Хан мөрний дээгүүр татсан 30 метр өндөр, 1000 метр урт утсан дээгүүр 12:55 минут гүйж, дөрөвдүгээр байрт шалгарсан байна.