Б.Бямбасайхан: Ус зайлуулах шугам байхгүй гэдэг нь худал мэдээлэл
Б.Жавхлан: Иргэн бүрд 138993 төгрөгийг хуваарилсан
Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан хийлээ. Тэрбээр танилцуулгадаа, улсын төсвийн 39 төсвийн ерөнхийлөн захирагч, 21 аймаг, сум, нийслэл, дүүргийн нийт 3718 төсөвт байгууллага, Үндэсний баялгийн сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийг нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд, 5559 төсөвт байгууллага, 349 төсөл, сан, төрийн өмчийн 638 аж ахуйн нэгжийн тайланг Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд хамруулсныг тоймлон мэдээлсэн юм.
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2024 онд 27,4 тэрбум ам.долларт болж өмнөх оноос 12,1 хувиар өссөнөөр гадаад худалдааны тэнцэл 4,2 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Экспорт өмнө оны мөн үеэс 3,9 хувиар өсөж 15,8 тэрбум ам.долларт хүрэхэд зэсийн баяжмал, алт, төмрийн хүдрийн экспортын өсөлт голлон нөлөөлжээ. Төлбөрийн тэнцэл 622.0 сая ам.долларын ашигтай гарч өнгөрсөн жил 4,9 тэрбум ам.доллар байсан гадаад валютын улсын нөөц 2024 оны эцэст 5,5 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2024 онд 29670,8 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30591,1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 2451,0 тэрбум төгрөгөөр сайжирч 920,2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан ба сүүлийн гурван жилд дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажилласан байна. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 20533,0 тэрбум төгрөг, зарлага 21372,4 тэрбум төгрөг, нийт тэнцэл 1220,8 тэрбум төгрөгөөр сайжирч ,улсын төсвийн 1283,3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Олон улсын зээлжих зэрэглэлийн Пийч Рэйтингс болон ЭсЭнПи Глобал Рэйтингс агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2024 онд B+, Mөдиз агентлаг B2 тогтвортой болгон тус тус нэг шатлалаар нэмэгдүүлжээ. Энэ нь Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт татах олон улсын санхүүгийн зах зээлээс хүү багатай санхүүжилт босгох боломжийг нэмэгдүүлэх, улмаар төсөв, төлбөрийн тэнцэл, валютын ханшид эерэг нөлөө үзүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна. Сангийн сайд танилцуулгадаа, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн өрийн зохицуулалтын арга хэмжээний дүнд жил ирэх тусам эрсдэлийн нэмэгдлийг бууруулж байна гээд, энэ нь ам.долларын эрсдэлгүй хөрөнгө оруулалтын өгөөжөөс давж буй хүүгийн хэмжээг харуулах бөгөөд Засгийн газрын 2021 онд гаргасан үнэт цаас 3,6 хувьтай, 2023 онд гаргасан үнэт цаас 3,6-4,9 хувьтай, 2025 онд гаргасан үнэт цаас 2,3 хувьтай тус тус тэнцэж байна гэлээ. Энэ нь олон улсын зах зээлд тогтмол оролцож хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж байсантай шууд холбоотой гэдгийг тэрбээр тайлбарлаж, ингэснээр 2025 онд 8,5 хувьтай гарах боломжтой байсан үнэт цаасны хүүгийн түвшинг 6,625 болгон бууруулсан байна.
Улсын Их Хурлаас 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж, Ирээдүй өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэх төрөлжсөн сангаас бүрдэх тогтолцоо бий болсныг Сангийн сайд Б.Жавхлан тэмдэглэж, Үндэсний баялгийн төрөлжсөн сангийн дансыг Монголбанканд байршуулж, тайлан 1341,9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, 495,6 тэрбум төгрөгийг Монголбанктай гэрээ байгуулан, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж ажилласан бөгөөд оны эцсийн харилцах дансны үлдэгдэл 3979,4 тэрбум төгрөг болжээ. Засгийн газрын 2024 оны 224 дүгээр тогтоолоор Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журмыг баталж, хуримтлалын сангаас нэрийн данс үүсгэн иргэн бүрд 138993 төгрөгийг хуваарилсан байна.
Засгийн газрын хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг сайжруулж, Замын-Үүд, Гашуунсухайт боомтын импортын тээврийн хэрэгслийн есөн гарцыг 23, экспортын таван гарцыг 27, нүүрс тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх экспортын зургаан гарцыг 10 болгон өргөтгөж, Шивээхүрэн боомтын хилийн шалган нэвтрүүлэх 8 хаалгыг шинээр ашиглалтад оруулснаар экспортыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой болжээ. Үүний үр дүн 2024 онд нүүрсний экспорт 83,8 сая тоннд хүрч, өмнөх оноос 20 хувиар, Оюутолгойн далд уурхайн нөлөөгөөр зэсийн баяжмалын экспорт 2024 онд 1695,0 мянган тоннд хүрч өмнөх оноос 11,0 хувиар, олборлолт нэмэгдсэнтэй холбоотойгоор төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 7511,0 мянган тоннд хүрч, өмнөх оноос 31 хувиар тус тус өссөн байна.
Иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх хүрээнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалин 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар, нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа дөрвөн төрлийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг 10 хувиар тус тус нэмэгдүүлжээ. Орон нутагт ажилласны нэмэгдлийг хөдөөгийн сумдад ажиллаж байгаа төрийн захиргааны үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчдад тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төвийн болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчдад тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар бодож сар бүр олгохоор шийдвэрлэсний дагуу 101,4 мянган төрийн албан хаагчдад улсын төсвөөс 239,9 тэрбум төгрөгийн нэмэгдэл олгосон байна. Бүс нутгийн онцлогт тулгуурласан хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр хангайн бүсийн 179 төсөл арга хэмжээг 292,0 төгрөгөөр 85 хувийн, баруун бүсийн 294 төсөл арга хэмжээг 448,4 тэрбум төгрөгөөр 70 хувийн, хойд бүсийн 160 төсөл арга хэмжээг 210,0 тэрбум төгрөгөөр 76 хувийн, төвийн бүсийн 153 төсөл арга хэмжээг 410,0 тэрбум төгрөгөөр 79 хувийн, зүүн бүсийн 117 төсөл арга хэмжээг 427,6 тэрбум төгрөгөөр 85 хувийн, говийн бүсийн 88 төсөл арга хэмжээг 371,4 тэрбум төгрөгөөр буюу 88 хувийн, Улаанбаатар хотод 380 төсөл арга хэмжээг 2412,4 тэрбум төгрөгөөр буюу 86 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 1320 төсөл арга хэмжээнээс шинээр хэрэгжүүлсэн 712 төсөл арга хэмжээнд 1687,0 тэрбум төгрөг, өмнөх онуудад шилжин хэрэгжиж буй 600 төсөл арга хэмжээнд 1406,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгож, гүйцэтгэл 80,3 хувийн биелэлттэй гарсан байна.



