“Эрдэнэт” үйлдвэр хөгшин үнээ болсон гэж хэлснээс хойш…

…“1978 онд нээгдсэн Эрдэнэт 30 жил ажиллах тооцоо байсан ч 39 жил болж байна. Үйлдвэр өнөөдөр 600 сая долларын өр зээлтэй. Хагас тэрбумын тоног төхөөрөмж шинэчлэх шаардлагатай. Нэгэн цагт тарган саалийн үнээ байсан Эрдэнэт үйлдвэр одоо эмчилгээ тэжээлийн цэгт очсон хөгшин үнээ болсон”… 

Энэ бол Монголын Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нэгдсэн хуралдааны индрээс хэлсэн байр суурь. “Эрдэнэт” үйлдвэр, "Монросцеветмент" компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр юмдаг. Одоогоос найман жилийн өмнө. Ерөнхийлөгч асныг ийн хэлснээс олон ч юм болж өнгөрсөн, улс төр, нийгмийн хүрээнд. Гэхдээ л “Эрдэнэт” ажилдгаараа ажилласаар өнөөдрийг хүрэв. Энэ хооронд Монгол Улсын нийт айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус хангамж, ариутгах татуурга, хог хаягдлын төлбөр, хураамжийг бүрэн хариуцаж, нийт нэг их наяд төгрөгийн санхүүжилтийг дангаараа хариуцаж амжив.

Үндсэндээ Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж ахуй цагт “хөгшин үнээ” гэх тодотголыг зүүсэн эл үйлдвэрийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжөөд зогсохгүй Оюут нэртэй бас нэгэн орд газрыг ашиглахаар болсноо зарлалаа. Хайгуулын урьдчилсан үр дүнгээр 357 сая тн хүдэр, 1.1 сая тн цэвэр зэсийн нөөцтэй эл ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар улсын төсөвт “Эрдэнэт” үйлдвэртэй дүйх хэмжээний нөлөө үзүүлэхийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Ерөнхий сайд Г.Занданшатар жилдээ 5-10 сая тн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барих ТЭЗҮ-ийг боловсруулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон нь зүгээр ч нэг хоосон лоозон төдий яриа биш байв. Өөрөөр хэлбэл, хамгийн багадаа 30-35 жил ашиглах бүрэн боломжтой “Оюут” хэмээх ордын нөөцийг олон жилийн турш судалж, эцэслэн тогтоосноор албан ёсоор эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсныг Засгийн газрын тэргүүн ийнхүү мэдэгдсэн нь уул уурхайн салбарынханд онцлох бөгөөд сайн мэдээ байв.

Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэн бүрд тэгш, шударга хүртээх талаар Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Үндсэн хуулийн 2019 оны энэхүү өөрчлөлтийн дагуу иргэн бүр өөрийн дансандаа хуримтлал үүсгэж, хэрэгцээндээ тохируулан зарцуулах боломж нээгдсэн нь саяхан. Ердөө жилийн өмнөхөн. Гагцхүү шинэ орд, хүдэржилтийн бүс илрэх магадлал бүхий талбайд аливаа төлөвлөлт, бүтээн байгуулалтыг оролцогч талуудтай нягт харилцан ярилцаж, орон нутаг, нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллахыг Ерөнхий сайд онцолж байгаа юм. 

Оюут ордын тухайд Эрдэнэтийн Овооноос 8 км, Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцээс 3 км орчим зайд оршиж буйгаараа онцлог. Олборлолт явуулж, үйлдвэрлэл хийхэд хамгийн боломжит, таатай нөхцөлтэй гэсэн үг. Цаашлаад Үндэсний баялгийн сан арвижиж, үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймаг, Хойд бүс цаашлаад Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд том түлхэц болох нь. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэр хөгшин үнээ болсон гэж хэлснээс хойш найман жилийн дараа Оюут ордыг албан ёсоор эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон нь энэ Засгийн газрын үед гарсан хамгийн том мэдэгдлийн нэг болов. 

С.Сүлд