Нийслэлд тарваган тахлын сэжигтэй хоёр тохиолдол илэрчээ

Нийслэлийн онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Энэ сарын 15-наас эхлээд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр аравдугаар сарыг дуустал зохион байгуулахаар болсон байна. Одоогоор тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх пост ажиллаж байгаа хэдий ч нэлээдгүй зөрчил илрээд байгаа юм байна. Тухайлбал, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд Баянхонгор, Архангай, Хөвсгөл зэрэг аймгаас нийтдээ 23 тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн торгох авч, Зөрчлийн хэрэг нээжээ.

Он гарсаар тарваган тахал өвчний тохиолдол нь 14 хувиар нэмэгдсэн байна. Баян-Өлгий аймагт тарваган тахал өвчний хоёр тохиолдол илэрч, хоёр хүн нас барсан. Нийтдээ тарваган тахал өвчний долоон сэжигтэй дуудлага илэрсний хоёр нь нийслэл хотод бүртгэгдсэн нь ихээхэн эрсдэлийг дагуулж байгаа юм байна.

Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 540 га талбайд хяналт шалгалтыг хийсэн байна. Хяналт шалгалтаар авто тээврийн шалган нэвтрэх товчоо, Хүй долоо худаг, Эмээлт, Баруун туруун зэрэг алслагдсан нутаг дэвсгэрүүдийг хамруулан шалгалт хийжээ. Шалгалтаар найман толгой тарвага, нэг толгой саарал чоно, гахай, гурван толгой хярс, долоон толгой саарал чонын эд эрхтэн худалдан авсан, 14 цагаан загас худалдаалсан зэрэг зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авчээ.