МАН-ын ой санамж руу өнгийе!

Эхлээд бяцхан түүх өгүүлье. 2007 оны аравдугаар сар. Монголоос ОХУ-д суух Элчин сайд байх бүрэн эрх дуусгавар болсноор эх орондоо ирж, улмаар МАН-ын генсекийн албанд буйр сэлгэсэн С.Баярыг намынх нь Их хурлаас даргаар томилж байв. Үүнээс сар гаруйн дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайдаар томилсон юм. Өөрийг нь намын даргаар сонгосон XXV Их хурлын индрээс “Үүрсэн хариуцлагатай минь дүйх эрх мэдлийг олгоно уу” гэж журмын нөхдөдөө хандсан түүнийг үг төд удалгүй биеллээ олсон нь тэр.

2009 оны аравдугаар сарын 29. Ерөнхий сайд С.Баяр биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасныг УИХ-аас хүлээж авснаас яг нэг хоногийн дараа орыг залгах хүнээр Сү.Батболдыг тодруулсныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж парламентад танилцуулснаар Засгийн тэргүүний тамга атгав. “Бэрхшээлийг мэдэрч байгаа ч ирээдүйг сайхнаар төсөөлж байна” гэж мэдэгдсэн түүний хувьд жил хагасын дараа МАН-ын даргын тамгыг С.Баяраас гардсан юм.

2017 оны аравдугаар сар. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж асан У.Хүрэлсүхийг МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг УИХ-ын 47 гишүүний саналаар дэмжиж, Засгийн газрын тэргүүнээр томилов. Үүнээс хоёр сар орчим хугацааны дараа МАН-ын XXVII Их хуралд оролцсон 1261 төлөөлөгчийн 775 нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэж тэрбээр намын даргаа авч байлаа.

2021 оны нэгдүгээр сарын 27. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87,9 хувийн саналаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг 32 дахь Ерөнхий сайдаар томилов. “Ковид”-ын цар тахлын амаргүй цаг үетэй нүүр тулсан танхимынхаа 100 дахь хоногийн мэдээллийн үеэр “Манай нам дүрэмтэй. Дүрмийн дагуу Ерөнхий сайд нь намын дарга байна. Энэ дагуу л шийдэгдэнэ” хэмээсэн түүний байр суйр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа албажиж, МАН-ын дарга болсон түүхтэй.

Энэ бол 2007 оноос хойшхи МАН-ын бас Монголын улс төрийн хуанлийн хуудаст үлдсэн бүрэн зураглал. Завсарт нь АН засагласан дөрвөн жилийг оруулж тооцвол бараг 20 жилд өрнөсөн үйл явдлын хураангуй. Энэ хооронд улс төр, нийгэм, эдийн засагтай холбогдох үй түмэн шийдвэр, шийдэл, шинэчлэл явсныг үгүйсгэхгүй ч ганц үнэн тодорч, торойгоод үлдсэн нь намын дарга+Ерөнхий сайд буюу олонхидоо хүлээн зөвшөөрөгдөх легитм хэдийнэ бий болсны бодит баримт бас факт нь ийм.

П.Жасрай, Ж.Эрдэнэбат нарыг эс тооцвол Ерөнхий сайд нь намын даргын статусаа хамтад нь хадгалж ирсэн уламжлал гэхээсээ зарчмыг МАН баримталж ирсэн гэсэн үг. Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар бүгдээрээ л эл замналаар явсан. Гэхдээ зөвхөн Монголд, МАН-даа ч байгаа юм биш. Парламентын засаглалтай дэлхийн бусад орны зарчим нь тийм. Засгийн тэргүүн нь намын даргынхаа эрх, үүргийг давхар хавсарч байж хүчтэй, тэр хэрээр бодлого шийдвэрээ парламентдаа хамгаалах нэг ёсны дархлаа болгодог хэрэг.

Ерөөс намын дарга болоод Ерөнхий сайдын энд хүрдэг, эсвэл Ерөнхий сайд болчихоод араас нь намын удирдлагаа гартаа төвлөрүүлдэг нь МАН-д бичигдээгүй хууль болтлоо төгөлдөршиж, төлөвшсөн улс төрийн соёл шахуу тогтсон зарчим юм. Намын дарга гэсэн статусгүйгээр ямар хэмжээний хүчгүй, сул Ерөнхий сайд болдгийн бодит тэгэхдээ ганцхан жишээ нь Ж.Эрдэнэбатын ажилласан цаг хугацаа. Бусдаар энэ хоёр албан тушаалыг хамтад нь хавсарч, тодорхой том шийдвэрт хүрдгийг С.Баяраас Л.Оюун-Эрдэнэ хүртэлх он жилүүд хангалттай гэрчилнэ.

Үр дүнд нь Монгол Улсын иргэн бүрд газар эзэмшүүлсэн, ОХУ-д төлөх их өрийг тэглэсэн, “Атрын III” аянг хэрэгжүүлсэн, Оюу Толгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулсан, төмөр замаа барьсан, том төслүүдээ түрүүчээс нь хөдөлгөсөн. Н.Алтанхуяг хүртэл АН-ын дарга, Ерөнхий сайд байхдаа хэд хэдэн томоохон төсөл, хөтөлбөрийг зангидаж, залуурдаж чадсан юм шүү. 

Тэгэхээр Ерөнхий сайд, намын даргын албан тушаал гэдэг нэг талаар еэвэнгийн хоёр тал, нөгөө талаар манайх шиг сонгодог парламентын засаглал руу алхам, алхмаар ойртож буй улсад байх ёстой үндсэн легитм нь. Өөрөөр хэлбэл, энэ бол ганц хүний албан тушаалын тухай яриа биш, харин улс орны тогтвортой байдал, төрийн бодлогын залгамж чанар, ардчиллын чанарыг тодорхойлох стратегийн асуудал.

Хэрэвзээ намын дарга, Ерөнхий сайд хоёр салангид тохиолдолд гавьяагаа булаацалдаж, гай тарьснаа бие бие рүүгээ түлхэнэ. Үр дүнд нь хариуцлага өөрөө эзэн биегүй болж бүдгэрнэ. Эсрэгээрээ нэг хүнд төвлөрлөө гэхэд улс төрийн хариуцлага нь тодорхой, ард түмэнд ойлгомжтой болдог. Нэг үгээр Монголын өнөөгийн улс төрийн нөхцөлд Ерөнхий сайд намын дарга байх нь тогтвортой засаглалын үндэс. Нэг хүнд эрх мэдлийн төвлөрөл бий болох гэхээсээ Засгийн газрын бодлого урагшуулах Ерөнхий сайдын "POWER" нь намын дарга байх зүй ёсны шаардлага үүсдэг хэрэг.

Адаглаад намын даргын хувиар парламентаас дэмжлэг авна. Их Британи, Герман, Канадад ийм зарчмаар явдаг, намын дарга нь л Ерөнхий сайд болдог. Энэ нь тогтвортой засаглалын үндэс гэж үздэг болохоор. Яг энэ зүй тогтлоор МАН-ын Бага хурлынхаа гуравны хоёр, УИХ-ын гишүүдийн 92.3 хувийн саналаар Ерөнхий сайд болсон Г.Занданшатар намын даргын тамга атгах магадлал нь хамгийн өндөр. Гагцхүү эрх баригч Ардын Намынхан ой санамжтай байх нь өнөөдөртөө чухал, хэтдээ хэрэгтэй юм.

С.Сүлд