Я.Содбаатар улирч, Нарийн бичгийн дарга нар өөрчлөгдөв

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хуралдааны даргаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Уянга, М.Мандхай нар сонгогдон ажиллав. 

МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаанаар зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр баталжээ. Хуралдааны эхэнд Баримт бичиг боловсруулах редакцын комиссын даргаар намын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, орлогч даргаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа болон комиссын бусад гишүүнийг сонгов.

Дараа нь Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар нэр дэвшүүлж байгаагаа Бага хурлын гишүүдэд танилцууллаа. 

Мөн МАН-ын орон тооны Нарийн бичгийн даргад Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн нарыг нэр дэвшүүллээ. Орон тооны бус Нарийн бичгийн даргад Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарыг нэр дэвшүүлэв. Намын Удирдах зөвлөлийн гишүүнд 39 хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд тэдний 40 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөллийг багтаасан байна.

МАН-ын дарга Н.Учрал дараах албан тушаалд нэр дэвшигчдээ танилцуулж, Бага хурлын гишүүдийн дунд санал хураалтыг явуулж, олонхын саналаар сонгож баталлсан байна. Үүнд: 

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар Я.Содбаатарыг хуралдаанд оролцсон нийт гишүүний 99.6 хувийн саналаар сонгож батлав.  

МАН-ын орон тооны Нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн нарыг

Орон тооны бус Нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарыг

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр 39 хүнийг

Намын санхүүгийн дотоод аудиторын албан тушаалд Ц.Норовжамцыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгож баталлаа.

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг

Тус хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг сонгосон юм.