Ц.Мөнх-Эрдэнэ: Маргааны дараа энгийн харилцаатайгаар хамтран ажиллаж, амьдрах боломжтой
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ “Арилжааны эвлэрүүлэн зуучлалын олон улсын тогтолцооны загварууд болон хэрэглээ, Сингапурын эрүү болон зөрчлийн хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг нэвтрүүлсэн туршлага” сэдэвт илтгэл танилцууллаа. Итали Улсад эвлэрүүлэн зуучлагчдыг бүртгэх, холбогдох хариуцлагын асуудлыг тус улсын Хууль зүйн яам нь хариуцдаг бөгөөд сургалт явуулах, эрх олгох зэргээр төрийн оролцоотой байдаг аж.
Турк Улсын хувьд эвлэрүүлэн зуучлал эрхлэхийн тулд эрх зүйч мэргэжилтэй, хуулийн салбарт таван жил ажилласан байхыг шаарддаг бол Австри Улсын хувьд 25 насанд хүрсэн, бакалаварын боловсролтой, эвлэрүүлэн зуучлалын сургалтад хамрагдсан байх шаардлага тавьдаг аж. Нийтлэг байдаг жишиг шалгуур нь хариуцлагын даатгалд хамрагдсан байхыг шаарддаг байна. Олон улсын жишигтээ эвлэрүүлэн зуучлалын эхний уулзалтын талаарх зохицуулалт онцлог байдаг бөгөөд энэ талаарх дээрх гурван улсын жишээ, тоо баримт, үр дүнгийн талаар танилцуулсан.
Маргагч талууд ашиг сонирхлоо анхаарах, маргааныг энгийнээр эхний шатанд шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлалын эхний уулзалт нэн чухал байдаг аж. Мөн маргааны бүх шатанд эвлэрүүлэн зуучлалын орон зайг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь олон талын ач холбогдолтой, иймд маргааны бүх шатны оролцогчдод энэ талаарх ерөнхий мэдээлэл, мэдлэг олгох сургалтад хамруулдаг болохыг танилцуулсан юм. Шүүхээр маргаан шийдвэрлэх хугацаанаас харьцангуй бага хугацааг эвлэрүүлэн зуучлалаар маргаан шийдвэрлэх үйл явцад зарцуулдаг баримтыг, энэ аргыг ашиглан шүүхийн ачааллыг бууруулсан туршлагыг танилцуулсан юм.
Түүнчлэн энэ үйлчилгээний үр дүнд маргагч талууд маргааны дараа энгийн харилцаатайгаар хамтран ажиллаж, амьдрах боломжтой байдгаараа онцлог аж. Эвлэрүүлэн зуучлалын төвүүдийг сонголт хийх боломжтойгоор олноор байгуулах, мэргэжлийн гэхээс гадна тухайн орчиндоо нөлөө бүхий нэгэн үйлчилгээ авагч талд ачаалал үүсгэхгүй байхуйц хэмжээний төлбөрөөр энэ төрлийн үйлчилгээг үзүүлдэг байх гарцууд байдгийг илтгэгч тайлбарлаж байв. Хариуцлагатай эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг бий болгоод, иргэдэд энэ үйлчилгээний ач холбогдлыг ойлгуулаад, эрх зүйн орчныг сайжруулснаар маргагч талууд маргааныхаа аль ч шатанд эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг авах боломжтой байвал илүү үр дүнтэй байх боломжтой гэдгийг хэллээ.