Г.Занданшатар: Иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлэх ёстой
Өргөдөл гаргасан ахмадуудад хариу өгнө
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Батбаяр, Д.Ганмаа, Д.Ганмаа, Л.Мөнхбаясгалан, Ж.Золжаргал, О.Саранчулуун, хурал даргалагч Х.Баасанжаргал нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад иргэдээс гаргаж байгаа өргөдлийн агуулга, хүрээ болон өсөлт, бууралтын шалтгаан, тэдгээрийн шийдвэрлэлт, үүнтэй холбоотой иргэдийн сэтгэл ханамж тааруу байгаагийн шалтгаан, улмаар төрийн ажил, үйлчилгээний чанар, албан хаагчдын харилцаа, хандлага, ёс зүй зэрэг олон асуудлыг хөндөхийн зэрэгцээ зарим байгууллага, албан тушаалтантай холбоотой тодорхой асуудлыг сөхөн ярьж, бодлого, зарчим, хариуцлагын механизмыг дэлгэн тавьж байв. Мөн иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөхтэй холбоотой хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Улсын Их Хурлын гишүүд чухалчлан анхааруулсан юм. Байнгын хорооны хуралдааныг даргалан явуулсан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал иргэд, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх талаар салбар салбараар нарийвчлан авч үзэх үүднээс Улсын Их Хурлын бусад байнгын хороодод мэдээлэл өгч ажиллах, мөн иргэдийн асуудлаа шийдвэрлүүлж чадаж байгаа байдал буюу шийдвэрлэлтийн чанарыг сайжруулах зэрэг анхаарах шаардлагатай асуудлууд байгааг зөвлөж, Байнгын хорооны гишүүдийн сөхөж ярьсан тодорхой асуудлуудаар эргэж хариу өгөхийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт чиглэл болголоо.
Үүний дараа Өргөдлийн байнгын хороонд иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэж эхэллээ. Эхний асуудал бол Улсын Их Хурлын удирдлага болон тус Байнгын хороонд Ахмадын дуу хоолой хөдөлгөөний зохицуулагч Ц.Алтанзул нарын 18 иргэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Ахмадын холбооны гишүүн Т.Санжаа, Монголын Ахмадын холбооны удирдах зөвлөлөөр уламжлуулан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Ахмадын хорооны дарга М.Бямбаа, Мандал сумын Ахмадын холбооны удирдах зөвлөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, С.Эрдэнэбат нараар уламжлуулан Монголын Ахмадын холбооны удирдах зөвлөл болон иргэдээс ирүүлсэн шаардлага байлаа. Ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээлийн хугацааг уян хатан болгох, ахмад настны асрах үйлчилгээг сайжруулах тухай энэхүү шаардлагыг Өргөдлийн байнгын хороо 2025 оны есдүгээр сарын 30-ны хуралдаанаараа хэлэлцэж, уг асуудлыг судлан үзэж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, Д.Рэгдэл нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
Ажлын хэсэг гурван удаа хуралдаж, Сангийн, Эдийн засаг, хөгжлийн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд, Монголбанк, Монголын банкуудын холбоо, арилжааны банкууд зэрэг байгууллага, мөн ахмад настны төлөөллийг оролцуулан дээрх шаардлагыг хэлэлцсэн байна. Улсын Их Хурлаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцсэн үе таарсантай холбогдуулан Төсвийн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороодоор мөн хэлэлцүүлж, зарчмын зөрүүтэй саналын томъёолол бэлтгэж, хэлэлцүүлсэн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат танилцууллаа.
Түүнчлэн Ажлын хэсгээс асуудлыг Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, яамдын сайд нарт уламжилж, төсвийн төсөлд анх 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан 8.6 хувиар нэмэгдүүлэхээр тусгуулсан байна. Мөн ахмад настныг асрах, сувилах үйлчилгээнд зориулж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төсөвт 7.0 тэрбум төгрөг нэмж тусгуулсаны дээр зарчмын зөрүүтэй санал гаргах замаар улсын төсөвт анх удаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлд өртсөн ахмадуудыг асрах, сувилах үйлчилгээг гэрээр үзүүлэх үйлчилгээг сайжруулах зориулалтаар нэмэлт санхүүжилтийг суулгаж чаджээ. Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монголбанк болон арилжааны банкуудын удирдлагатай уулзаж, тэтгэврийн зээлийг 36 сар хүртэл хугацаагаар олгох тухай асуудлыг ярилцаж, нааштай шийдвэрлэснийг тэрбээр мэдээлж, хүүг бууруулах талаар холбогдох талуудтай үргэлжлүүлэн ярилцаж байна гэв.
Ахмад настнуудын өргөдөл, шаардлагыг шийдвэрлэсэн талаарх Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Б.Шижир нар асуулт асууж, хариулт авлаа. Ингээд ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, мөн асрах үйлчилгээг сайжруулах тухай асуудалд дээр нэр дурдсан иргэдийн шаардлагын дагуу ажиллагаа хийгдсэн тул өргөдөл гаргагчдад хариу өгүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулав. Ахмадуудад хариу өгөх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 56.3 хувь нь дэмжлээ.
Иргэд, хуулийн этгээдээс Байнгын хороонд ирүүлсэн нийт 28 өргөдлийг үүний дараа хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. Эдгээр өргөдөл, гомдолд хувь хүний нууцтай холбоотой, хувийн мэдээлэлд хамаарах агуулгууд агуулагдсан тул хэлэлцүүлгийг хаалттай горимоор үргэлжлүүлэх саналыг хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал гаргав. Түүний гаргасан горимын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 56.3 хувь нь дэмжиж хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн боловч өргөдөл, гомдлуудыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлууллаа.