Ж.Энхбаяр: Монгол Улсаас экспорт хийх бололцоо хумигдмал
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа.
Монгол Улс 2024 онд нийт 162 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар болж, худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан гэлээ.
Тэрбээр, 2024 оны байдлаар ОХУ-тай хийсэн худалдаа 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай байна. Сүүлийн 10 жилд ОХУ руу экспортлох хэмжээ төдийлөн нэмэгдээгүй бөгөөд шатахууны эрэлт нэмэгдсэнтэй холбоотой импорт өсөж, худалдааны бүтэц тэнцвэргүй байна. ОХУ нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн тул холбооны бусад гишүүн орнуудтай адил нэгдсэн гаалийн тарифын бодлого хэрэгжүүлдэг. Монгол Улсаас ЕАЭЗХ-д экспортлох бараанд 15–50 хувийн гаалийн тариф ногдуулж, эрүүл ахуй, хорио цээрийн өндөр шаардлага тавьж байгаа нь экспортын боломжийг хязгаарлаж байна.
Мөн нийт экспортын 91.2 хувь, уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувь, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолж байна. Энэ нь нэг улсын зах зээлээс хэт хамааралтай болж, эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулах хэмжээнд хүрээд байна.
ОХУ нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон тул тус холбооны дүрэмд заасны дагуу холбооны 5 гишүүн орон нь нэгдсэн татварын тогтолцоотой, бусад гадаад улс орнуудтай хийх худалдаанд нэгдсэн нэг бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд импортоор орж ирэх бүтээгдэхүүнүүдэд 15-50 хувийн татвар ногдуулахаас гадна эрүүл ахуй, хорио цээр, техникийн өндөр шалгуур, шаардлагыг тавьдаг тул Монгол Улсаас экспорт хийх бололцоо хумигдмал байна.
Иймээс гол түнш орнуудтай хийх худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулж, харьцангуй давуу талтай бүтээгдэхүүнээ саадгүй экспортлох, дотоодын үйлдвэрлэлд шаардлагатай орц, түүхий эд, тоног төхөөрөмжийг хямд өртгөөр импортлох нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Үүнийг хэрэгжүүлэх гол хэрэгсэл нь чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг байгуулах явдал юм хэмээн тодотгов.
Тус хэлэлцээр нийт 31 зүйл, 4 хавсралтаас бүрдэх бөгөөд хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудлыг тусгаагүй, зөвхөн 367 барааны хүрээнд тохиролцсон. Мөн хэлэлцээр 3 жилийн хугацаатай бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол хугацааг сунгасанд тооцох юм байна.
Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу “Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем” (БТКУС)-ийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд “тарифыг шууд тэглэх”, “тариф бууруулах”, “тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх”, “тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх” гэсэн үндсэн 4 төрлөөр тарифын саад тотгорыг бууруулахаар тохиролцсон аж.
Түүнчлэн улаанбуудай, өндөг зэрэг манай улсын стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын нөлөөллийг бага байлгахад онцгойлон анхаарсан бөгөөд тоо хэмжээний хязгаарлалт тогтоох, зарим барааг хасуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг хэлэлцээрийн төсөлд тусгуулсан байна.
Олон улсад чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд түгээмэл ашиглагддаг “Ерөнхий тэнцвэрийн загвар”-ын тооцооллоор хэлэлцээр хэрэгжсэнээр манай улсын ДНБ 0.02 хувь, хөрөнгө оруулалт 2.57 хувь, ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1 хувь өсөх боломжтой байна. Тухайлбал мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, нэхмэл, сүлжмэл болон арьс шир зэрэг боловсруулах үйлдвэрийн гол бүтээгдэхүүний экспорт 42–152 хувиар нэмэгдэж, Монголын бүтээгдэхүүн гаалийн татваргүйгээр өргөн зах зээлд нэвтрэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна.
Мөн Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудал нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тус тус тусгагдсан гэдгийг сайд Ж.Энхбаяр дурдсан.
“Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо хөдөлгөөн” зэрэг төрийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг дэмжих ажил идэвхтэй өрнөж буй энэ үед тус хэлэлцээр нь дотоодын боловсруулах үйлдвэрлэл болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, малчин өрх болон үйлдвэрлэгч, экспортлогчдын орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж. Мөн дээр дурдсан Монгол Улсын бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан бүс нутгийн интеграцид нэгдэх, нэг эдийн засгаас хараат байдлыг бууруулах, экспортын зах зээлийг тэлж, төрөлжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ач холбогдолтой гэлээ.
Экспортын үйл ажиллагааг хөнгөвчлөх чиглэлээр чухал ахиц гарч, зардал буурах боломж бүрдэх бөгөөд орц, материалыг экспортын барааны өртгийн 50 хувьд тооцон тарифын хөнгөлөлт эдлэх, барааг 4 цагийн дотор олгох, гарал үүслийн гэрчилгээг нөхөн гаргах боломжтой болох, эрсдэлийн үнэлгээнд тулгуурласан гаалийн шалгалтын шинэ зохицуулалт хэрэгжих, 5000 еврогоос бага үнийн дүнтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй байх зэрэг өөрчлөлт нь бизнесийн орчныг сайжруулна гэж танилцуулгад дурдсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энхнасан, Ч.Анар, Х.Жангабыл, Г.Хосбаяр, А.Ариунзаяа, Р.Эрдэнэбүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энхнасан, хэлэлцээрт нэгдсэн орнуудаас орж ирэх тамхины гаалийн татвар "0" байгааг тодотгоод, худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталснаар татвартай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж буйг тодруулсан. Тэрбээр онцгой татвар ногдуулах байдлаар татварын асуудлыг зохицуулах бодлого барьж байгаа гэж салбарын сайд хэлснийг тодотгоод, ингэсэн тохиолдолд Орос, Казахстанаас бусад улсаас нийлүүлж буй тамхи давхар татвартай болоод нийлүүлэгч талуудын хооронд тэгш бус байдал үүсэх эрсдэл бийг тооцсон уу хэмээн асуусан.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Худалдааны хэлэлцээрийг соёрхон баталсан тохиолдолд УИХ-ын тогтоол хэлэлцүүлэн батлуулахаар бэлтгэж байна.
Тогтоолын төсөлд тамхины хуультай холбоотой зохицуулалтын асуудлыг хаврын чуулганы хугацаанд багтаж буюу дээрх гэрээ хэрэгжихээс өмнө шийдвэрлэх асуудлыг тусгана.
Тамхины ноогдуулдаг онцгой татварын зохицуулалтаар худалдааны тэнцвэртэй, тэгш байдлыг хангах бололцоотой гэсэн хариултыг өгсөн.
УИХ-ын гишүүн Ч.Анар, дээрх хуулийг соёрхон баталж, худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр гаалийн татварын орлого, гадаад худалдааны тэнцэлд нөлөөлнө хэмээгээд, дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн бодлогын баримт бичгийг яаралтай боловсруулан батлах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжсэн. Мөн энэхүү хуулийн төсөл эцэслэн батлахтай холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг гаргах нь зүйтэй гэж үзлээ.