"Хэрэглээний өсөлтийг бүрэн хангаж чадахгүй байна"
Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, хариуцлагын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл танилцуулав.
Тэрбээр, Эрчим хүчний салбар нь Монгол Улсын үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн тэргүүлэх салбарт тооцогддог.
Улсын хэмжээнд 2024 онд эрчим хүчний хэрэглээ 11.6 тэрбум кВт.ц болж жилд 5.9 хувийн өсөлттэй байна. Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ 2024 онд 8.7 тэрбум кВт.ц болж өмнөх оноос 2.7 хувиар өссөн ба нийт хэрэглээний 75.4 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна. Хэрэглээний 24.6 хувь буюу 2.8 тэрбум кВт.ц цахилгааныг импортоор авсан нь өмнөх онтой харьцуулбал 17 хувиар өссөн байна.
Эрчим хүчний оргил ачаалал халаалтын хэрэгцээнээс үүдэн өвлийн улиралд тохиодог. Өнгөрсөн оны хувьд цахилгаан эрчим хүчний хамгийн их ачаалал 1655 МВт-д хүрсэн ба оргил ачааллын өсөлт сүүлийн жилүүдэд дунджаар 10 орчим хувь байна. Өвлийн их ачааллын саруудад суурь горимд ажиллах дулааны цахилгаан станцууд суурилагдсан бүрэн хүчин чадлаараа, нөөц тоноглолгүй ажиллаж байгаа нь эрчим хүчний хангамжийн тасралтгүй найдвартай байдлыг хангахад эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна гэлээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотод Бөөрөлжүүтийн 300 МВт-ын станц, Сонгино 80 МВт, Багануур дүүрэгт 50 МВт-ын батарей хуримтлуурын станцууд, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 30 МВт-ын нарны цахилгаан станц, Хөвсгөл аймгийн төвд 10 МВт-ын нарны цахилгаан станц, Дорнод бүсийн эрчим хүчний системд Чойбалсангийн 50 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц, саяхан Тосонцэнгэлийн 22 МВт-ын цахилгаан станцууд ашиглалтад орсон хэдий ч цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт өндөр байгаа тул нөөц чадал бүрдэхгүй байгааг сайд мэдээлэлдээ дурдсан.
Эрчим хүчний яамны зүгээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх уламжлалт эх үүсвэрийн төслүүдийг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Ирэх онд Сэлэнгэ аймгийн төвд 70 МВт-ын дулаан цахилгаан хослон үйлдвэрлэх станц ашиглалтад орох бөгөөд 2027-2028 онд Баянгийн 660 МВт-ын цахилгаан станц, 2028-2029 онд Бөөрөлжүүтийн станцын 2 дугаар ээлж 300 МВт-ын станц ашиглалтад орсноор өвлийн оргил ачаалллын саруудад нөөц чадалтай болох боломж бүрдэнэ гэлээ.
Сайд Б.Чойжилсүрэн Улаанбаатар хот дулаан хангамжийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд байна гээд, Улаанбаатар хотод агаарын температур -39 хэмээс доош хүйтэрсэн нөхцөлд дулаан хангамжийн систем чадлын дутагдалд орж дулаан хангамжийн системийн эх үүсвэрээсээ алслагдсан цэгүүдэд хүндрэл үүсэх өндөр эрсдэлтэй нөхцөлд байгааг тодруулан хэлэв.
Улаанбаатар хотод жилд дунджаар 190 гаруй Гкал/ц-ийн хэрэглээ бүхий 280 гаруй барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжийн системд шинээр холбогдож байна. Нийслэлийн дулааны хэрэглээ жилд 7-8 хувиар өсөн нэмэгдэж, энэ хэмжээгээр хэрэглээний өсөлт тогтвортой гарвал 2025 оны түвшинд холбогдсон хэрэглэгчдийн ачаалал 3874 Гкал/ц болох аж.
Нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжийн системд 2024 онд Амгалан дулааны станцыг 116 МВт-аар өргөтгөлийг ашиглалтад оруулснаар хүчин чадал бага хэмжээгээр нэмэгдсэн боловч хэрэглээний өсөлтийг бүрэн хангаж чадахгүй байгаа юм байна.
Дулааны гуравдугаар цахилгаан станцын дэд бүтцийг ашиглан шинээр 300 МВт-ын цахилгаан, 395 МВт-ын дулаан үйлдвэрлэх шинэ станцыг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэхээр, Дулааны хоёрдугаар цахилгаан станцын дэд бүтцийг ашиглан 300 МВт-ын цахилгаан, 395 МВт-ын дулаан үйлдвэрлэх шинэ станцыг нийслэлийн зүгээс төр-хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр холбогдох гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулсан бол Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцыг 500 тн/ц буюу 210 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай зуухаар өргөтгөх төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага байна гэж сайд мэдэгдлээ.
Тэрбээр, цаашид эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, гадаад зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан. 2025 оны байдлаар 681 сая ам.долларын өртөг бүхий 8 төсөл арга хэмжээг гадаад зээлээр хэрэгжүүлж байна хэмээсэн.