Г.Занданшатар: Нэг ам.доллар гамшгийн дараах хохирлын 15 ам.доллартой тэнцдэг
Салбарын яам гишүүдийг мэдээллээр сайтар хангах шаардлагатайг анхааруулав
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.
Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүнээс 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүдийн асуулт хариултыг явуулсан.
Иймд хуралдаан төслийн талаарх гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрийг ил болгосноор засаж, сайжруулах боломжтой тул гэрээг нууцлаад байгаагийн шалтгааныг тодруулахын зэрэгцээ Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч зэрэг бусад хилийн боомтуудыг хэзээ холбох талаар лавлаж байлаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Харбины гэрээг нууцалсан зүйлгүй гээд энэ асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцсэн тул гэрээний дагуу хэлэлцээр байгуулагдсан гэв. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын барилгын ажил эхэлмэгц бусад боомтуудын асуудлыг шийднэ гэсэн тайлбарыг өгсөн. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа энэ асуудлыг Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр хоёр хоногийн хугацаатай оруулж ирэн, батлуулсныг тодотгоод тухайн цаг үед гишүүдэд мэдээлэл бүрхэг, хариулт хангалтгүй байсан гэв. Мөн нүүрсний борлуулалтын ард хулгай байдаг гэх хардлага, сэрдлэгийг арилгахын тулд Улсын Их Хурал чиг үүргийнхээ дагуу хяналт, шалгалт хийхээр Түр хороо байгуулах эрхийн дагуу асуудлыг тавьсан гэх нэмэлт тайлбарыг өгсөн.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Н.Учрал ард түмэн байгалийнхаа баялагт эзэн байх үндсэн зарчмыг хэрэгжүүлэхэд улстөрчид, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газар манлайлж ажиллах ёстойг онцлоод цаашдаа Засгийн газар олборлох салбарынхаа ил, тод байдлын эрх зүйн орчныг том агуулгаар нь шийдэх хуулийн төслийг оруулж ирэх, Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас гишүүдийг холбогдох мэдээллээр сайтар хангах шаардлагатайг анхааруулав.