Г.Занданшатарын атгасан гал буюу ТӨХК тойрсон хувьчлалын сураг!

Удтал ярьж, ужгиртлаа дуншсан Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй, олон нийтийн хяналтад оруулах гал тэрэг Г.Занданшатарын Засгийн газрын үед албан ёсоор хөдлөх нь. Хуульд өөрчлөлт оруулах замаар хувьцааны тодорхой хувийг олон нийтэд санал болгох эл сэдэл уг нь аль олон жилийн өмнөөс эхтэй. Лав одоогийн УИХ-ын дарга Н.Учрал Хэрэг эрхлэх газрын “гал тогоо”-г зангидаж явахдаа гурван жил алдагдал нь буураагүй ТӨК-ийг шууд татан буулгахаа мэдэгдэж асан ч улс төрийн уур амьсгалд дэгдсэн шуурганы дуулианд нам зогссон юм.

Харин энэ удаад Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим ээлжит бусаар хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний нэг нь Төрийн өмчит компаниудыг түрүүчээс нь хувьчлах байв. Өөрөөр хэлбэл, “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Үндсэн чиглэлийн төсөлд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал болон худалдааны зарим чиглэлийн төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгон худалдахаар заажээ. Мөн төрийн өмчит найман компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, долоог нь нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийхээр болсон байна. Цаашид нэмж төрийн өмчит зургаан компанийн хувьцааны тодорхой хувийг олон нийтэд санал болгох, тавынх нь хувьцааг бүхэлд нь худалдахаар төлөвлөжээ. 

100 хувь төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын нийт тоог 19-ээр буюу 18.8 хувиар бууруулж, 82 болгох нь. Үүнд “Монголын цахилгаан холбоо”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Үндэсний давхар даатгал”, “Монголын хөрөнгийн бирж”, “Хөдөө аж ахуйн корпорац”, “Шивээ овоо”, “Багануур”, “МИАТ”, “Төрийн банк”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс критикал минералс”, “Дулааны III, IV цахилгаан станц”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”, “Дорнод бүсийн эрчим хүчний систем”, Дарханы дулааны цахилгаан станц”, “Амгалан дулааны станц” тэргүүтэй 18 компанийг эхний ээлжид хувьчлах нь. 

Анзаарсан бол хөдөө аж ахуй, нүүрс, агаарын тээвэр, банк санхүү, дулааны цахилгаан станц тэргүүтэй Төрийн өмчит компаниудыг удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх тогтоолын төсөлд дурайж байна. Үндсэндээ авлига, албан тушаалын гэмт хэргийн үүр, хулгай, хууль бус үйлдлийн эх уурхай болсон аварга системийн гажиг руу төр ийнхүү өнгийх сууриа тавилаа. Санхүүгийн аудитлагдсан тайлангаар төрийн өмчит компаниуд нийт 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө эзэмшиж буй. 

Үүнээс ашигтай ажилладаг нь гарын таван хуруунд ч багтахгүй цөөн. Эсрэгээрээ алдагдлаа төсвөөс, татвар төлөгчдийн халааснаас гаргуулж, нөхүүлж ирсэн нь олон. Тэр нь хэдэн арван тэрбумаар тоологдоно. Тэгсэн атлаа төдийгөөс өдий хүртэл амь бөхтэй оршин тогтнож ирсний ард ганхцан шалтгаан бий. Тэр нь намын, даргын, сайдын, УИХ-ын гишүүний нөлөө бүхий хамаарал. Ерөөс намдаа зүтгэсний шагнал, найздаа үнэнч явсны хариу нь захирлын сэнтий, тэнд ямар ч үр ашиггүй ажиллаж болдгийн бодит жишээ нь өнөөдрийн ТӨХК-иуд болчихоод байгаа хэрэг. Үүнийг шийдэж, шийдвэрлэх хамгийн бодитой өөрчлөлт нь хуулийн хэм хэмжээ буюу бодлогын суурь реформ. Бусдаар мянга дарга солиод бахь байдгаараа л байна.

Нэг үгээр, төрийн компанийн бүтээмжийг нэмэгдүүлж засаглалыг сайжруулах ил тод байдлыг хангуулах хуультай болсноор улс төрийн нөлөөллийг багасгана, бүр хална. Төрийн өмчит компаниудын статусыг бүрэн цэгцлэнэ. Төр ямар бизнест оролцох, оролцохгүй вэ гэдгийг хуулиар зааглана. Хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх үндсэн зарчмыг хуулиар баталгаажуулах зэргээр тоглоомын дүрэм тодорхой болно. Тоглоомын дүрэм хэдий чинээ тодорхой байна төдий чиний төрийн өмч рүү хуруугаа дүрэх улстөрчдийн нөлөө бүхий хамаарал арилна. 

Энэ бүгдээс харахад Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд 18 компанийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг олон нийтэд нээлттэй хувьчлах шийдвэр гаргаж, алх цохисноороо Ерөнхий сайдд Г.Занданшатар хүссэн ч, эс хүссэн ч гал атгаж орхиолоо. Хэрхэх нь хуулийг УИХ хэрхэн хүлээж авах, хэлэлцэж батлахаас бүрэн хамаарах ч тэр болтол Ерөнхий сайдын өрөөг гороолох, эс бөгөөс хөвөнд ороосон чулуу шидэх хэсэг бүлгийн сонирхол улс төрийн уур амьсгалыг улам өрдөх магадлал нь өндөр. Том зургаараа энэ Засгийн газар баялгийн, нүүрсний хулгайтай хатуу тэмцэх нь үнэн л юм бол тэрхүү ажил нь төрийн өмчит компаниудаа цэгцлэхээс эхлэх нь зүй ёсны шаардлага юм.

Г.Эрхэс