Б.Энхбаяр: 1000 журмыг хүчингүй болгох ажлыг 180 хоногт зохион байгуулахыг даалгалаа

Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх, Захиргааны ерөнхий хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах болон хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл боломжийг арилгах, бизнесийн үйл ажиллагаанд тавигдах зөвшөөрөл, бүртгэлийн ачааллыг бууруулах зорилгоор Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай Засгйин газрын тогтоолын төслийг баталлаа.

Тус тогтоолоор,

-Эрхлэх асуудлын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тусгайлан эрх олгогдоогүй бөгөөд нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр баталсан,  эрх зүйн зохицуулалтын ач холбогдлоо алдаж дагаж мөрдөхгүй болсон, хууль тогтоомжтой зөрчилдсөн, эрх олгосон хуулийн заалт нь хүчингүй болсон, өөрчлөгдсөн захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох;

-Эрхлэх асуудлын хүрээнд хамаарах захиргааны хэм хэмжээний актын хууль зүйн үндэслэлийг нягтлан шалгаж, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, ашиг сонирхлын зөрчил, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн шинжтэй, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг зохицуулсан дүрэм, журам, тэдгээрийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгох, өөрчлөх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.

ХЗДХЯ-аас Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 885 хуулиас хэдэн хуулиар хичнээн эрх олгосон талаар судалгаа хийжээ. Бие даасан 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагийн 315 хуулийн 2403 эрх олгосон заалтаар захиргааны хэм хэмжээний акт батлах эрхээ шилжүүлсэн гэсэн судалгаа гарчээ. Хуулиар эрх шилжүүлэх байдал хэт өргөжсөнөөс захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн захиргааны хэм хэмжээний актын тоо тогтмол өсөж байна.

Тухайлбал, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний актын тоо 2010 онд 681 байсан бол 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 2724  болж, энэ хугацаанд дөрөв дахин нэмэгджээ. 

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол Улс журмын улс болчихлоо. Энэ олон журмын цаана авлига, дур зорго байна гэдэг асуудлыг өмнө нь Засгийн газарт танилцуулж, цэгцлэх ажлыг ярьсан. Улмаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүллээ.

Манай улсад 437 хууль байна. Эдгээр хууль дотор 2403 журам батлах заалт бий. Албан тушаалтнуудад ийм, тийм журам батлах эрх олгосон 2403 хуулийн заалт байна гэсэн үг. 2403 журам бүртгэлтэй, 850 бүртгэлтгүй журам байна. 2018 оны сүүл гэхэд 1000 хүрэхгүй журамтай байсан. Энэ тоо 3500 болтлоо гурав, дөрөв дахин нэмэгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаас 1000 журмыг хүчингүй болгох ажлыг 180 хоногт зохион байгуулахыг даалгалаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд миний бие ахална" гэв.