Импортоор орж ирэх автомашинд өнөөдрөөс хотын дугаар шинээр олгохгүй
Бяцхан үрсийн брэнд “Elephant Mom&Baby”
Эхийн хэвлийгээс энэ хорвоод дуугаа хадаан мэндэлж буй энхрий бяцхан үрсэд зориулж сэтгэлээ шингээж, бүтээл урладаг Т.Тэгшжаргалыг "БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД" цувралдаа урилаа. Хүйгээр холбоотой ээж хүүхдэд зориулсан “Elephant Mom&Baby” брэндийг бий болгоход түүний ОХУ-д өнгөрүүлсэн оюутны он жилүүд холбоотой. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины нэрэмжит тэтгэлгээр тус улсын Воронеж хотын их сургуульд дөрвөн жил суралцаж, маркетинг менежментийн мэргэжил эзэмшжээ. Энэ хугацаанд амьдарч байсан хотынхоо хөгжил цэцэглэлттэй танилцахаас гадна орос бүсгүйчүүдийн урладаг хүүхдэд зориулсан бүтээлүүдийг ихэд сонирхдог байсан байна.
Их сургуулиа амжилттай дүүргэж, эх орондоо ирээд удаагүй байхдаа үрийн зулай үнэрлэж, ээж хэмээх эрхэм алдрыг хүртэж, хүүгээ харж хэсэг хугацаанд гэртээ байсан гэдэг. Хүүхдээ өсгөхийн хажуугаар өөрийн чадах зүйлээ хийж, өрхийн орлого нэмэгдүүлэхийг хүсч, хийх боломжтой бүхий л ажлыг судалжээ. Улмаар хүүгийнхээ ирээдүйд хөрөнгө оруулахын тулд өдөр шөнөгүй бодож явсан бүтээлээ урлахаар зориг шулуудаж, хуримтлуулсан 500 мянган төгрөгөөрөө нярай хүүхдийн ор, өлгий, гудас, конбонзон, амьтны дүрс бүхий тоглоом хийж болохуйц сайн чанарын даавуун материалын эрэлд гарчээ. Улаанбаатар хотын бүхий л худалдааны төвөөр Орос улсад үйлдвэрлэсэн чанартай даавуу хайсан ч хараахан олж чадаагүй гэнэ. “Бүс барааны дэлгүүрээр орос даавуу хайж явсан ч олж чадаагүй. Тэгээд америк даавуу метрийг нь 16500 төгрөгөөр худалдаж авч анхныхаа бүтээлийг хийж байсан. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн хийж байгаа болохоор хамгийн сайн чанартай материал хэрэг болно. Хүүхдийн ор хийхэд сентофон, дүүргэгч хэрэгтэй. Манайд хятадаас оруулж ирснийг нь зардаг. Хүүхдийн биед харшил өгч болзошгүй учир худалдаж аваагүй. Харин сайн судалгаа хийж, Москвагаас материал оруулж ирдэг байсан. Харин одоо Улан-Үдээс оруулж ирдэг болсон” гэв.
Анхны бүтээлээ харахаар инээд хүрдэг байдаг юм хэмээн хэлэх Т.Тэгшжаргал болон түүний ажилчдын хийсэн бүтээл нь хэн хүний нүдэнд тусахуйц загварлаг, хийц чанарын хувьд хэнд ч гологдохооргүй нямбай оёжээ. Тэд чамин чанартай бүтээл хийхийг эрхэмлэдэг. Эцэг эхчүүд өлгий даавуу, өмд цамц, хүүхдийн конбонзоноо хүртэл гаднын улсаас нэмүү өртөг шингэж оруулж ирсэн импортын бүтээгдэхүүн худалдаж авдаг. Харин эл байдлыг үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг хөдөлмөрч хүмүүс халж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэдний нэг болох тус брэндийн “БҮТЭЭЛЧ ЭЭЖ”-үүд хүүхэд гэлтгүй жирэмсэн эхчүүдэд зориулсан бүтээл урлаж боломжийн үнээр борлуулж байна.
Хүүхдэд зориулсан зөөлөн ор, хөхүүл болон жирэмсний дэр, орны тоглоом, өлгий, конбонзон, ор хөнжлийн даавуу, гудас, майхан, унтлагын хувцас, дээл зэргийг хийж байгаа. “Нярай хүүхэд, жирэмсэн ээжүүдэд зориулсан бүтээгдэхүүн хийж байна. Би өөрөө эх хүн. Хүүхэд төрүүлсэн ээжүүд бүгд мэднэ. Өлгий даавуу гэхэд нэгэн хэвийн загвартай байдаг. Тиймээс өнгө загварын өргөн сонголттой. Өхөөрдөм үрсэд зориулсан үзэмжтэй хайр татам хөөрхөн бүтээл хийхийг зорьсон юм. Хүүхдэд зориулж хийж байгаа болохоор чанарыг эрхэмлэх хэрэгтэй. Тиймээс ОХУ-д үйлдвэрлэсэн материалаар хийсэн. Дэрэн дотроо будаа хийдэг. 35-120 мянган төгрөгийн үнэлгээтэй зардаг” гэлээ.
Хүн бүхний нүдэнд тусахуйц хайр татам бүтээл бол зөөлөн ор. 0-12 сар хүртэлх нярай хүүхдэд зориулж сэтгэлээ шингээж урладаг энэ орыг хийхэд нэлээд ажиллагаатай. Амар бүтэх ажил гэж үгүй. Олон удаа туршиж, алдаанаасаа суралцахаас гадна шүүмжлэлийг сургааль мэт сонсч, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг тэд хойд хөршид үйлдвэрлэсэн сайн чанарын материалаар хүүхдэд зориулсан бүтээлийг багцаар нь хийх зорилготой буйгаа тэрбээр онцолж байсан юм. Орос эмэгтэйчүүд хүүхдэд зориулсан эдгээр бүтээгдэхүүнүүдийг хийж, бизнес болтол өргөжүүлсэн. Тэдний урласан бүтээл төрөх эмнэлгүүдэд нь зардаг тухай Т.Тэгшжаргал ярив. Тиймээс удахгүй төрөх эмнэлгүүдэд өөрийн брэндийн катологи тарааж хамтарч ажиллах санал тавих бодолтой байгаагаа хэллээ.
Т.Тэгшжаргал бүсгүй өөрөө загварыг нь гаргаж, өхөөрдөм үрсэд бүтээл урлаж байгаадаа сэтгэл хангалуун байдгаас гадна монгол хүний хүч хөдөлмөр шингээн хийж буй үндэсний үйлдвэрлэлээ дэмжээсэй гэж хүсч явдаг аж. Сүүлийн жилүүдэд манай оронд үндэсний үйлдвэрлэл хөгжиж байгаа. Гэхдээ үнэ ханшийн хувьд хэтэрхий өндөр гэх шүүмжлэл иргэдийн дунд байдаг. Эл байдлыг “Elephant Mom&Baby” брэндийн хамт олон халж, чамин чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр борлуулж байна.
Өдгөө хүүтэйгээ амьдардаг эгэл жирийн нэгэн ээжийн ажил өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл үргэлжилнэ. Заримдаа шөнийн 02:00 цагт хүргэлт хийгээд явах үе гарна. Захиалагчдынхаа итгэлийг алдахгүй заасан хугацаандаа бүтээгдэхүүнийг нь хүргэж өгөхөөр хүүгээ дагуулан харанхуйд явж хамаг ажлаа амжуулах үе бий. Гадаа гарч эр, гэрт орж эм гэдэгчлэн Т.Тэгшжаргал ажил амьдралынхаа бүхий л асуудлыг ганцаараа амжуулахын хажуугаар монголынхоо үрсэд сайн чанартай бүтээгдэхүүн хэрэглүүлэхээр зорилт тавьж, хөдөлмөрлөсөөр явна. “Хүү минь өвдөх хамгийн хэцүү. Аав ээж маань гадаадад амьдардаг. Хүүтэйгээ хоёулаа гэр хороололд амьдардаг. Ус, түлээ нүүрс гээд асуудал бүрийг ганцаараа зохицуулдаг юм. Өвчингүй бол баян гэдэг. Хүү минь эрүүл саруул өсч, эхлүүлсэн ажлаа тууштай үргэлжлүүлэхийг хүсдэг дээ” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.
Шүүмжлэл магтаалын үгийг сонсч өсч өндийж яваа өхөөрдөм үрсэд зориулсан брэндийг үүсгэн байгуулсан тухай түүнтэй ярилцахад бүтээгдэхүүн бүртээ “хайр”-аа шингээж урладаг нь мэдрэгдэж байв. Хүүхэд гэдэг өөрөө бяцхан ертөнц. Өнгө өнгөөр солонгорох өөдөсхөн үрсийнхээ өлгий, давуу, ор, зэрэг төрөл бүрийн бүтээлийг тус брэндийн пэйж хуудсаар дамжуулан захиалга өгч урлуулах боломжтой.
Бизнес эхлүүлж брэнд бий болгоход тодорхой хэмжээний санхүүгийн асуудал тулгарч байгаа ч Т.Тэгшжаргал тэр бүгдийг өөрөө зохицуулан өнөөдрийг хүрчээ. Тэрбээр ЖДҮ-ийн зээл хөөцөлдөж Монголын төдийгүй дэлхийн зах зээлд өөрийн брэндийг гаргах туйлын хүсэлтэй. Хүмүүний орчлонд хүүтэйгээ хөтлөлцөж өөрийн амьдралын түүхийг гэгээнээр зурж буй гэрэлтсэн бүсгүйн ажил амьдралыг өгүүлэхэд ийм байна.
С.Ичинхорлоо