Х.Тэмүүжин: УИХ-ын дарга төвч, голч байр сууринаас парламентын хуралдааныг удирдах ёстой

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон  болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдааныг үргэлжлүүллээ. Хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин илтгэхдээ, өнөө цагт парламентын спикер төвч, голч байр сууринаас парламентын хуралдааныг удирдах нь парламентын ардчилал, парламентын дархлааны салшгүй гол зарчим болоод байна. Учир нь парламентын нийтийн танхимыг олон намын төлөөлөл (олон ургалч байдал) бүхий чөлөөт хэлэлцүүлгийн орчин, олонх цөөнхийн бодлогын мэтгэлцээний талбар, улс төрийн зөвшил ойлголцлын механизмаас гадна, нээлттэй, хяналттай төрийн үйл ажиллагаа, иргэний мэдэх эрхийн гол эх үүсвэр байлгах нь парламентын спикер, түүнд тавигдах шаардлага, түүний томилгоо, чөлөөлөлттэй шууд холбоотой гэлээ. Мөн 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоотой болж, улмаар парламент 126 гишүүнтэй болсон.

Улсын Их Хурлын даргын давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалтыг тодорхой болгохгүй бол парламентын ардчиллын олон улсын жишгийн дагуу парламентын спикер төвийг сахиж хуралдааныг удирдах, олонх цөөнхийн мэтгэлцээнийг хөндлөнгийн байр сууринаас явуулах, олонхийн шийдвэр гаргах, цөөнхийн хяналт тавих эрхийг баталгаажуулах болон олон намын үзэл баримтлал, бодлогын өрсөлдөөнийг Улсын Их Хуралд хэрэгжүүлэх явдлыг алдагдуулах эрсдэлтэй байна. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг гурван зүйлтэйгээр санаачлан боловсруулсан.

Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн Улсын Их Хурлын даргыг сонгох гэсэн 11 дүгээр зүйлийг өөрчлөн найруулж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсгийг хүчингүй болгохоор тусгасан. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад парламентын ардчилал бэхжих, улс төрийн намууд хариуцлагажих, хуулийн биелэлт, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурал Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн боломж нээгдэнэ хэмээн илтгэв.

Уг танилцуулгын дараа дээрх хуулийн төслүүдийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар уншиж танилцуулав. Тэрбээр Байнгын хороо уг асуудлыг дэмжсэн тул хэлэлцэж шийдвэрлэхийг хүссэн талаар уламжиллаа.



Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, О.Номинчимэг, Ж.Золжаргал, С.Зулпхар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх санал хураалтыг түр хойшлууллаа.