С.Бямбацогт: Бодит үр дүнд хүрэх нь чухал
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулахдаа, мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэхтэй холбоотой харилцааг улсын бүртгэлийн байгууллага хариуцаж, холбогдох журмыг улсын бүртгэлийн байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батлахаар тусгасан байна. Энэхүү төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал танилцуулав. Байнгын хороо уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах горимын санал гаргажээ. Тухайн саналыг дэмжих эсэхийг санал хурааж шийдвэрлэхэд, нэгдсэн хуралдаанд оролцсон 99 гишүүнээс 54 нь дэмжлээ. Ийнхүү Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 54.5 хувийн саналаар дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санал хураалтад оролцсон 100 гишүүний 60 нь буюу 60 хувь нь дэмжиж, баталлаа. Хүний эрхийн зөрчлийг арилгах, дахин давтуулахгүй, иргэдийн эрхийг хамгаалах чухал шийдвэр бүхий тогтоолыг парламент шийдвэрлэж байгааг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт онцлоод, С.Эрдэнэболд гишүүнээр ахлуулсан УИХ-ын ажлын хэсэгт баяр хүргэлээ. Тэрбээр, хогтоол батлах нэг хэрэг, тогтоолыг хэрэгжүүлэх, бодит үр дүнд хүрэх их чухал зүйл. Тиймээс УИХ-ын тогтоолуудын хэрэгжилтэд хяналт тавьж, чанд анхаарах нь зүйтэй гэсэн юм.