Хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл нь Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга

Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр төслийн талаар илтгэв. Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг  боловсруулахдаа, үр дүнгийн шалгуур үзүүлэлтээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын 76 шалгуурт үзүүлэлттэй уялдуулсан нь олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэлээ.

Монгол Улсын хөгжлийн 2027 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж, Эдийн засгийн чөлөөлөлт, Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, Ногоон хөгжлийн чөлөөлөлт, Авлигын эсрэг чөлөөлөлт зэрэг дөрвөн чөлөөлөлтийн бодлого байх болно гэдгийг танилцууллаа. Товчхондоо бизнес, хувийн хэвшлийг дэмжиж, төрийн оролцоог багасган татвар, төсвийн шинэчлэл хийснээр ажил эрхлэлт, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжиж, зээлийн хүүг бууруулж, бизнесийн тогтвортой орчин бүрдүүлэх зэргээр салбар тус бүрээр нарийвчлан төлөвлөжээ. 

 

Тухайлбал, Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны станц, Дулааны тавдугаар цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барьж, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, Зөөвч-Овоо төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Зэс, ган үйлдвэрлэлийн цогцолборын талбайн бэлтгэл ажлыг эхлүүлнэ. Экспорт болон аялал жуулчлалын чиглэлийн авто замууд болон “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хил холболтын төмөр зам барьж, хилийн боомтуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөгжүүлнэ.