"Нөлөөллийн үнэлгээг таван жил тутам хийнэ"
Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Э.Болормаа танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2026 оны 263 дугаар захирамжаар байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл, С.Ганбаатар, П.Наранбаяр, С.Одонтуяа, П.Сайнзориг, Ч.Ундрам, С.Эрдэнэбат нарын гишүүд ажилласныг онцлов. Ажлын хэсэг энэ хугацаанд хоёр удаа, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэмжих баг дөрвөн удаа хуралдан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаар 28 саналын томьёолол бэлтгэж, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх гурван санал, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх нэг саналын томьёоллыг хэлэлцэн дэмжиж, Байнгын хорооны хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзжээ.
Тухайлбал, хуулийн төслийн нэр томьёоны тодорхойлолтыг сайжруулах, эдийн засгийн үр ашигтай байх зарчмыг тусгах, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Үндэсний зохицуулагч байгууллага байх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдлын үнэлгээг жил бүр, уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлага, нөлөөллийн үнэлгээг таван жил тутам хийж, үнэлгээний дүнг нэгтгэн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, ойлголтыг бүх шатны боловсролын түвшинд эзэмшүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хандлага, оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, ногоон санхүүжилтийн стратегийн хамрах хүрээ, хэрэгжилтийн уялдаа холбоог илүү нарийвчлан тодорхойлон нэмж тусгасан гэдгийг Э.Болормаа гишүүн танилцуулгадаа дурдсан.
Ингээд хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Парисын хэлэлцээрээр зохицуулсан харилцааг хуульчлахдаа хуулийн төсөлтэй хэр нийцүүлсэн, улмаар ингэж хуульчлахдаа давхардал, хүнд суртал үүсгэсэн эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан хуулийн төсөлд тусгасан хүлэмжийн хийн тэг ялгаралд хүрэх зорилгод хүрч чадах эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат өнгөрсөн хугацаанд уг хуулийг боловсруулан батлаагүй байснаараа өнөөдрийг хүртэл ямар зохицуулалтуудыг хийж чадахгүй байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр хуулийн төсөл хэлэлцэн батлагдсан нөхцөлд татвар, санхүү төсөвтэй холбоотой өөрчлөлт гарах эсэхийг тодруулж, хариулт авсан.
Үргэлжлүүлэн хуулийн төслүүдийн талаарх ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 40 саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалт, 5.2 дахь хэсгийг тус тус хасаж, “эдийн засгийн үр ашигтай байх;” гэх агуулгатай 5.1.1 дэх заалт нэмэх, 12 дугаар зүйлд “Төрийн захиргааны байгууллага Гамшгаас хамгаалах тухай хуулийн 20.3-т заасан журмын дагуу уур амьсгалын өөрчлөлтийн даван туулах нөлөөллөөс үүдэн гарах эдийн засгийн болон эдийн засгийн бус гарз хохирлын үнэлгээг хийнэ.” гэх 12.6 дахь хэсэг нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн төслийн 8 дугаар зүйлд “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэх 8.2 дэх хэсэг, “сааруулалтын үр дүнг тооцох аргачлал, стандарт, ялгарал болон шингээлтийн итгэлцүүрийг Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хорооны дэргэдэх техникийн хороогоор хэлэлцүүлж, түүний дүгнэлтэд үндэслэн батлах;” гэх 8.2.18 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.