Н.Учрал: Монгол Улсад дата төв байгуулах боломжийг нээх эрх зүйн суурийг бүрдүүлнэ
Г.Энхтайван: Малчид зээлээ цахимаар биш биеэр очиж үйлчилгээ авдаг
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Малчдын санхүүгийн үйлчилгээний хүртээмж, зээл санхүүжилтийн нөхцөл байдал, Малчны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой үр дүн” сэдвээр мэдээлэл хийлээ.
Монгол Улсын эдийн засгийн тулгуур хөдөө аж ахуйн салбарын үндэс болсон малчин, мал аж ахуйн хөдөлмөрийг бодит баялаг болгон хувиргаж тэдгээрийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэн дэмжлэг үзүүлэх нь банк санхүүгийн салбарын чухал зорилтын нэг гэж Төв банк үзэж байгааг Монголбанкны дэд ерөнхийлөгч дурдаад энэ хүрээнд арилжааны 10 банктай хамтран малчдад санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна гэв.
2025 оны байдлаар бол нийтдээ 122838 удаагийн зээл олгосон бөгөөд 2026 оны эхний 4 дүгээр сард 412.6 тэрбум төгрөгийн зээл олгож, нийт үлдэгдэл 1.17 их наяд төгрөгт хүрсэн байна.
Зээлийн ерөнхий үзүүлэлтийг доорх зургаас харна уу.
Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 4 дүгээр сарын 24-нд “Шинэ хоршоо хөдөлгөөн өрнүүлэх тухай” 166 дугаар тогтоолыг баталж, энэ хүрээнд Монголбанк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам болон Төрийн сан, Сангийн зээлийн батлан даалтын сан болон арилжааны банкууд хамтран хоршооны гишүүн малчдыг дэмжих зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулснаар зээл олгож байна гэлээ.
Хоршооны гишүүн малчинд олгосон зээлийн зориулалтын талаарх мэдээллийг доорх зургаас харна уу.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан сонсголд оролцогчид асуулт асууж, санал хэлсэн. Иргэд зээл авсан нийт малчдын хэдэн хувь нь эмэгтэй малчин байгааг, зээлийн хүүг бууруулах боломжтой эсэх, мөн алслагдсан бүсэд байгаа нэн ядуу малчин өрх заавал хоршоонд элсэж зээл авах боломжтой юу эсвэл 200-гаас доош малтай өрхүүдийг дэмжихэд чиглэсэн зээлийн үйлчилгээ байж болох уу гэдгийг хөндөж тодруулж байлаа. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Ц.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Г.Ганбаатар, О.Алтангэрэл, Х.Баасанжаргал, Ц.Туваан нар асуулт асууж, хариулт авсан.
Гишүүд малчид бизнес эрхлэгчдээс ч өндөр буюу жилийн 24-25 хувийн хүүтэй зээл авч буйг дурдаад малчин хүний хөдөлмөр, хөрөнгийг зах зээлийн үнэлгээгээр хэзээ үнэлдэг болохыг илүүтэй лавлав. Ялангуяа Монголбанк малчны зээлийн асуудалд холбогдох журмыг баталж, зээлийг бодит ханшаар тогтоох, үнэлгээний аргачлалыг нь гаргах, хөдөө аж ахуйн мэргэшсэн хөрөнгийн үнэлгээчдийг бэлтгэх арга хэмжээ авахыг анхааруулж байлаа.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван малчдын авсан нийт зээлийн чанаргүй зээлийн эзлэх хэмжээ 1.8 хувийг эзэлж байгаа нь эргэн төлөлт сайн, хариуцлагатай байгааг харуулж байна гэв. Харин малчны зээлийн хүү өндөр байгаа нь арилжааны банкнуудын орон нутагт явуулж буй үйл ажиллагааны зардал, байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөлийн болзошгүй эрсдэлийг тооцож буйтай холбоотой. Учир нь малчид зээлээ цахимаар биш биеэр очиж үйлчилгээ авдаг тул үүнээс үүдэлтэй зардалд өртөгт нь шингэж байна гэж байлаа. Түүнчлэн малын индексжүүлсэн даатгалын хамрагдалт 18-22 хувьтай байна. Малчин өрхүүд малын индексжүүлсэн даатгалд бүгд хамрагдвал тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнууд зээлийн хүүдээ хөнгөлөлт үзүүлээд явах бол боломжтой гэсэн хариултыг өгсөн. Мөн Монголбанкны хувьд малчдын зээлийн хүүг үе шаттай бууруулах боломжтой төдийгүй үүнд бодлогын зохицуулалт хийх нь зүйтэй гэдэгт гишүүдтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн.