Ц.Идэрбат: Хариуцах эзэнгүй зарим эрх үүргийг эзэнжүүлэх шаардлагатай

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Малчны тухай хуулийн хэрэгжилтийн явц, үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хүргэсэн.

Уг мэдээлэлд хуулийн үзэл баримтлал, хэрэгжилт, малчин өрхийн хөгжлийг цогцоор үнэлэх, малчдын мэдлэгийг дээшлүүлэх чадавхжуулах сургалт, Улсын аварга малчин шалгаруулах журам, малчдыг орон сууцны ипотекийн зээлд хамруулах, “Нарлаг Монголын малчин өрх” зэрэг хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, тулгамдсан асуудал, гарц шийдлийг хөндөж, дэлгэрэнгүй танилцуулсан. Тухайлбал, байгаль цаг уурын өөрчлөлт эрс, тэс уур амьсгал, ган, зуд, отор нүүдэл, бэлчээрийн хомсдол, доройтол, малын халдварт өвчин, малын чанар, ашиг, шим буурах, түүхий эдийн үнэгүйдэл, малчны нийгмийн асуудал, салбарын хүний нөөцийн хангамж эл салбарын тулгамдсан асуудал болоод байна гэлээ. Үүнд зөв шийдэл гаргавал малчдын орлого нэмэгдэх, өндөр хүүтэй зээлийн хүү буурах, орон сууцны ипотекийн зээл зэрэг асуудлууд шийдэгдэнэ гэдгийг Ц.Идэрбат сайд онцолсон юм.

Цаашид салбарын яамнаас хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх асуудлыг судлан нэг мөр шийдвэрлэх, Малчны хөгжлийн сангийн удирдлага, зохион байгуулалтын жишиг дүрэм, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам, малчны хөгжлийн индекс батлуулж, хэрэгжилтийг хангуулах, хуулийн хүрээнд тодорхойгүй, хариуцах эзэнгүй зарим эрх үүргийг эзэнжүүлэх, холбогдох өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байгааг мэдээлэлд дурдсан байлаа.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан оролцогчид асуулт асууж, санал хэлсэн. Малчид зудыг хохирол багатай давах гарц нь сум, орон нутагт байгаа агуулахад өвс, тэжээлийг бэлтгэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал гэхийн зэрэгцээ дахин давтагдашгүй гамшгийн улмаас малаа алдсан иргэдийн хохирлыг албан ёсоор эрх бүхий хүмүүс тогтоосон хэдий ч нөхөн төлбөрийг шийдэлгүй 5-10 жил болж буйд арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Мөн Монгол Улсад хэчнээн мал, малчин байх талаар судалгаа хийн холбогдох хууль тогтоомжид уялдуулж тусгахгүй бол мал өсөхийн хэрээр малчин нэмэгдэж, үүнээс болоод бэлчээрийн төлөө хоорондоо муудалцдаг байдал үргэлжилсээр байгаад анхаарах нь зүйтэй гэсэн санал хэлж байлаа.