"Хар тахал" болсон үнэн ба хууль сахиулахынхны "нууц сүлжээ"

Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, хэрэглээ зөвхөн хувь хүний эрүүл мэндийн асуудал байхаа больж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн "цагаан нэртэй хар тахал" болон хувирлаа. Хэрэглэгчдийн тоо хэдэн зуун мянгаар тоологдох хэмжээнд хүрч, хүүхэд залуучууд хууль бус бодисын намагт живж байгааг холбогдох албаныхан онцолж байна.

Сүүлийн үеийн тоон мэдээллээс үзэхэд, насанд хүрээгүй залуус 3 жилийн хугацаанд хар тамхинд 500-600 сая төгрөг зарцуулсан гэх аймшигт баримтууд ч дэлгэгдэх болов. Хамгийн түгшүүртэй нь энэхүү сүйрлийн цаана зөвхөн гудамжны наймаачид биш, харин зохион байгуулалттай сүлжээ, хамгаалагчид байдаг нь тодорхой болоод байна. Саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс хийсэн албан ёсны мэдэгдэл нийгмийг цочроолоо.

Түүний хэлснээр, хууль сахиулах байгууллагын зарим нөлөө бүхий хурандаа, генералууд хар тамхины хэргийг "битгий мөрд, хаа" гэдэг үүрэг чиглэлийг дотроосоо өгч, хэргийг зориуд нуун дарагдуулж ирсэн байна. Түүнчлэн уг хууль бус бизнесийн ард улс төрд нөлөө бүхий эрхмүүд, урлаг соёлын одод, бизнес бүлэглэлүүд болон төрийн өмчит компаниудын захирлууд "хамгаалагч" болон зогсож байдаг нь нөхцөл байдлыг улам даамжруулжээ.

Хар тамхитай тэмцэх төрийн чадамжийг зориуд сулруулж, тэмцэх албаны орон тоог хасан, төсвийг нь улсын төсвөөс хасуулж ирсэн хорлонтой үйлдэл ч нууц хэвээр үлдсэнгүй. Улсын хэмжээнд хар тамхи илрүүлэх тест ердөө 24-хөн ширхэг үлдэж байсан нь залуусыг энэ тахалд живүүлэх зориудын ажиллагаа байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Өнөөдөр электрон тамхи буюу вейп (vape)-ээр дамжуулан "мөс" болон бусад синтетик бодисыг нууцаар хэрэглэх залуусын хандлага улам гаарсаар байна. Энэхүү гамшигт нөхцөл байдлыг таслан зогсоохын тулд хууль сахиулах байгууллагын дотоод ялзралыг цэвэрлэж, авлига болон хахуулийн сүлжээг үндсээр нь устгах урт, дунд хугацааны хатуу төлөвлөгөөг яаралтай хэрэгжүүлэх шаардлага тулгарлаа.