Бяцхан үрсийн дотны туслах “JESO BABY”
Хүүхдэд ээлтэй эко бүтээгдэхүүн урладаг “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” Э.Солонготой уулзаж, өхөөрдөм бяцхан үрсэд зориулсан “JESO BABY” брэндийн талаар ярилцсан юм.
Нялх хүүхэдтэй ээжүүд чанартай, чамин, эдэлгээ сайтай бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зорьдог. Жирэмсэн байхаасаа эхэлж судалгаа хийдэг эмэгтэйчүүд ч бий. Тэдний нэг болох Э.Солонго хүүгээ өлгийдөж авсан үеэсээ шим тэжээлтэй хоол, жимс, ногоо, тоглоом зэргийг нэг бүрчлэн судалсан гэнэ. Тэрбээр “Хүү маань соосго хөхдөг. Нялх хүүхэд учраас хаях, унагаах тохиолдол их бий. Заримдаа олдохгүй үе гарна. Хүүхэд уйлхаар соосгоо хайгаад их сандардаг. Тиймээс соосгыг заавал биед нь зүүлгэх шаардлага тулгарсан. Тэр үеэс соосгоны зүүлт худалдааны төвүүдээр хайж эхэлсэн. Худалдааны төвүүдээр чанартай материал хайгаад олоогүй. Олигтой сэтгэлд нийцэх зүүлт ч олдоогүй. Ээжүүд хүүхдэдээ чанартай, эко бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг. Судалгаа хийж Европийн оронд энэ зүүлтийг түлхүү хэрэглэдгийг олж мэдсэн. Тэгээд л Европын шүрний үйлдвэртэй холбогдож материал захиалсан” гэв.
Хүүдээ зориулж хийсэн бүтээл нь өнөөдөр олон хүүхдийн байнгын хэрэглээ болжээ. Энэ нь ээжүүд хүүхдээ нярай байхаас нь эхэлж чанартай бүтээгдэхүүн хэрэглэж эхэлснийг илтгэж байгаа юм. Нөгөөтэйгүүр хятадаас орж ирсэн хүүхдийн биед харшил өгч, будаг гардаг элдэв янзын соосгоны зүүлт болон хаздаг тоглоомыг халах эхлэл гэж хэлж болно.
Бяцхан багачуудад зориулж хийж байгаа зүүлтний материал гэхэд хүнсний силконоор хийсэн хүүхдийн биед элдэв янзын сөрөг нөлөөгүй нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан аж. Нэг үгээр ямар ч химийн бодис агуулаагүй гэсэн үг. Будаг гарч гандахгүй. Хуучирч өнгөө алдахгүй гэдгээрээ давуу талтай. Ихэвчлэн нярай хүүхэд хэрэглэдэг учир чанарын шаардлага 100 хувь хангах хэрэгтэй. Тиймээс Э.Солонго Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжүүлсэн байна. “Би бүтээгдэхүүнээ мэргэжлийн хяналтын газар шинжилгээнд хамруулсан байгаа. Будаг гарч байна уу. Хүүхэд хазахад шүлсэнд нь бодис ялгарч байна уу гэх зэрэг нэлээд хэдэн зүйлсийг шалгадаг юм билээ. Шалгалтаар ямар ч бодис илрээгүй. Эко бүтээгдэхүүн гэж шинэчлэгдсэн гэв.
Эхний ээлжид шүр болон дагалдах материалуудаа цөөн тоогоор захиалж авчруулсан тэрбээр шинжилгээгээр сайн үзүүлэлттэй гарсны дараа шүрнийхээ өнгө болон төрлийг нэмж захиалсан байна. Өнгө өнгөөр алагласан шүрнүүдийг өхөөрдөм хөөрхөн амьтны дүрстэй холбож, хаздаг хавчаартай хослуулан урладаг учир хүүхдүүд соосго, тоглоом, угжны сав гэх мэт зүйлүүдтэй хоршуулан хэрэглэх боломжтой.
Нярай хүүхдүүд тод өнгийн зүйлийг сонирхдог учир өнгө загварын өргөн сонголттой захиалга авч, хүргэлт хийдэг байна. “Эрэгтэй, эмэгтэй хүүхдэд зориулсан загвар гаргасан байгаа. Хүсэхийн бол хүүхдийнхээ нэрийг хүртэл зүүлтэндээ хийлгэх боломжтой. Олон өнгөний сонголттой. Хүүхдийн сэтгэхүй болон өнгө ялгах чадварыг багаас нь сайжруулна. Мөн маш зөөлөн материалтай. Хүүхдийн шүд ургаад загтнах үед хазаж хэрэглэж болно. Чанартай сайн материлууд оролцуулан хийж байгаа болохоор өнгө дагуу туузыг хоёр давхарлан хэлхдэг. Тэгэхээр тасарна гэсэн ойлголт огт байхгүй” гэсэн юм.
Харсан хүн бүхний хайрыг татаж, эгдүү хүргэм бүтээлийг хийхэд гар ажиллагаа их шаардана. Шүрнүүдээ хэрхэн яаж дараалан холбохоос эхлээд оёж, шаглах ажил ч бишгүйдээ байдаг гэнэ. Өөрөө нялх хүүхэд өсгөж яваа ээж учраас “эх үрсэд” зориулж үнэлгээ тун боломжийн 35000-39900 төгрөгийн үнэлэмжтэй тогтоожээ. Анх өөрөө гардан хийж байсан бол өдгөө эгчтэйгээ хамтран брэндээ хөгжүүлж, цаашид олон төрлийн хүүхдэд зориулсан бүтээл урлахаар ханцуй шамлан ажилдаа ороод байгаагаа хэлсэн юм. “Хүүхдэд зориулсан шинэлэг, чамин, чанартай хүүхдийн төрөл бүрийн бүтээл урлаж, брэндээ өргөжүүлэх зорилготой. Одоогоор соосгоны зүүлт, хаздаг тоглоомыг хосоороо гаргаж худалдаанд гаргасан. Охидуудад зориулж хүзүүний зүүлт, бугуйвчыг хослуулсан зургаан загварыг туршилтаар гаргасан байгаа. Польш, Гярман, Орос оронд түлхүү хэрэглэдэг. Эцэг эхчүүд хүүхдэдээ хийж өгөхөөс гадна өөрсдөө ч зүүдэг юм билээ” гэлээ.
Дөрвөн сартай хүүгээ харж, үндсэн мэргэжил болох гоо сайхны ажлаа цалгардуулалгүй амжуулдаг хөдөлмөрч ээж хөөрхөн үрсэд сэтгэлээ шингээж урлаж буй брэндээ 600 мянган төгрөгөөр эхлүүлж байсан гэнэ.
Энэ талаар “Хамгийн анх 600 мянган төгрөгөөр шүр болон дагалдах материалаа захиалж байлаа. Анхны захиалгынхаа материалаар хүүдээ болон хамаатныхаа нярай хүүхдүүдэд зориулж зүүлт хийж бэлэглэсэн. Дараагийн захиалгаа хийхдээ эгчтэйгээ хамтарч ажиллахаар болоод 14 сая орчим төгрөгийн материал авсан. Маш олон хүүхдүүдэд хийж бэлэглэсэн. Одоогоор ашиг орлого олоогүй байна. Хүүхдэд зориулж сэтгэлээ шингээж хийж байгаа юм чинь хэзээ нэгэн цагт хүн бүхний хүссэн хэрэглээ болох байх гэж бодож явдаг” гэсэн.
Түүний үг үнэний ортой. Аливаа ажлыг эхлүүлэхэд шууд амжилтад хүрэхгүй. Хөлс хүч, хичээл зүтгэл тууштай ажилласны эцэст зорилгоо биелүүлж зорьсон газрынхаа зогсоолд зогсоно.
Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэл эрхэлж брэнд бий болгож буй “БҮТЭЭЛЧ ЭЭЖ”-үүд бусдадаа үлгэр дуурайлал болж, хаа холын гадаад улсаас хэрэгцээт материалаа захиалан авчирч эх орныхоо хөрсөнд чанартай бүтээл туурвиж, олон хүнийг ажлыг байраар хангаж, амьжиргааг нь дэмжиж байгаа тэднээр бахархахгүй байхын аргагүй. Сайны хажуугаар саар гэгчээр үндэсний үйлдвэрлэлийг тойрсон шүүмжлэл дайх хүмүүс нэлээдгүй байдаг. “Үндэсний” гэхээр өндөр үнэлгээтэй байдаг гэх...
Монгол орон бол үйлдвэрлэгч биш гэдгийг иргэд ой тойндоо ортол ойлгох хэрэгтэй. Хийж бүтээж буй хүмүүсийн уйгагүй зүтгэлийг хар муу үгээр услах биш харин ч урмын үгээр сайшаан магтах нь зүйн хэрэг. Тэгж л бид эх орондоо үйлдвэрлэсэн чанартай сэтгэлд нийцхүйц буух хаягтай буцах эзэнтэй бүтээгдэхүүн хэрэглэнэ. Импортоор орж ирж буй нэмүү өртөг шингэсэн хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй хятадын чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүний хэрэглээг халж, хазаарлах нь иргэн та бидний үүрэг.
C.Ичинхорлоо