Түүхэн, эгзэгтэй цаг үед ноолуурын салбарын нэр хүндийг унагаахгүй байхыг анхааруулав

Монголын ноос ноолуурын холбооноос дараах мэдэгдлийг байршуулжээ. Ноолуурыг бэлтгэх үйл явцтай холбоотой Монголын нэр, нөлөө бүхий залуу үеийн төлөөлөл олон нийт, ялангуяа гадаад орны иргэдэд ташаа ойлголт өгөхүйц мэдээллийг цацжээ.


Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр “PETA Asia” цахим хуудсанд “Дуучин Номинжин Монголд ноолуур бэлтгэхээр ямааг хэрхэн тарчлан зовоож буй тухайд сэтгэл шаналж буйгаа илэрхийллээ” нэртэй видеог түгээсэн байна. Тус видео бичлэг нь Монгол Улсын мал аж ахуйн салбар малчид, хүн ардын уламжлал болж ирсэн ямаа самнах арга ажиллагааг илтэд доромжилсон, гутаасан, буруушаасан өнгө аястай тайлбарлажээ.

Монгол ноолуурын нэр хүндэд халдсан явдал боллоо гэж үзэн Монголын ноос ноолуурын холбооноос энэ мэдэгдлийг гаргаж байна.

Ноолуур Монгол Улсын стратегийн гол салбарын хувьд, олон улсын зах зээлд танигдсан, байр сууриа нэгэнт олж, нийгмийн хариуцлагатай, байгальд ээлтэй, малын тавлаг байдлыг хангасан үйлдвэрлэл эрхлэхийг гол зорилгоо болгон хөгжиж байгаа билээ. Үйлдвэрлэгчид малчид, малчдын хоршоотой нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж, малын эрүүл мэнд, малын тавлаг байдлыг хангах, ноолуурын чанарыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг тогтмол хийж ирсэн. Цаашдаа ч энэ салбарын хөгжлийг улам түргэтгэж, монгол ноолууран бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх том зорилгын дор салбараараа идэвх зүтгэлтэй ажилласаар буй. Үүнд Монгол Улсын иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал.

Гадаад зах зээлд монгол ноолуурын нэр хүнд өсөж, “Монголын гуравдагч хөршийн худалдааны хууль” АНУ-ын Конгресст өргөн баригдсан байгаа зэрэг түүхэн, эгзэгтэй цаг үед монгол ноолуурын салбарын нэр хүндийг унагаах, хэрэглэгчийг төөрөгдүүлэх, бодит бус мэдээллээр бусдыг уриалах зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна гэжээ.