Шалган нэвтрүүлэх товчоодод сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй гэв

Нийслэлийн Засаг даргын А/108 дугаар захирамжийн дагуу нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хяналт, тандалтын ажлыг Нийслэлийн Эрүүл мэндийн  газраас НОБГ, НМХГ, ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.

Энэ сарын 09-ний 08.00 цагаас 10-ны 08.00 цагийн байдлаар, нийслэлийн шалган нэвтрүүлэх найман цэгээр 11498 тээврийн хэрэгсэл, 48108 зорчигч нэвтэрчээ. Одоогоор сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна гэж мэргэжлийн байгууллагуудаас онцлов.

Уг ажил нь нийтийн тээврийн хэрэгслүүдийн халдвараас сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих, тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх, эрүүл мэндийн тандалт, хяналт хийх зорилготой юм.