С.Амарсайхан: Төрийн албан хаагчийн ёс зүй, хандлага, төлөвшлийг тусгасан сургалтууд орох нь зүйтэй

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Байгаль орчинд ээлтэй бүрэн автоматчилагдсан шинэ технологи бүхий авто зогсоол байгуулах төслийн танилцуулгыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хүргэлээ.


Төхөөрөмж бүхий автоматчилагдсан авто зогсоолын хамгийн том давуу тал нь эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологи бүхий хотын өнгө үзэмж, оршин суугчдын тав тух, эрүүл аюулгүй, ногоон орчин хосолсон шийдэл байх аж. Өнөөдрийн байдлаар нийслэлд төхөөрөмж бүхий автоматчилагдсан давхар авто зогсоолыг байгуулах шаардлагатай 84 байршил байна.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, авто зогсоол байгуулах төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналаа хэлээд тооцоо, судалгаагаа илүү нягтлан дахин зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

Дараa нь хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн 2020 оны сургалтын төлөвлөгөөний танилцуулгыг Сургалт, судалгааны төвийн захирал М.Одмаа хийлээ.

Тэрбээр “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг үе шаттай, системтэй сургах үйл ажиллагаа Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэй Азийн сан, нийслэлийн ЗДТГ-ын хамтран хэрэгжүүлж буй Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд 2017 оноос эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл давхардсан тоогоор нийт 5900 гаруй албан хаагчийг сургалтад хамруулаад байна. Цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд албан хаагчдын сургалтын хэрэгцээнд үндэслэн, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ амжилттай гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой үндсэн болон чиглэлийн 18 төрлийн сургалтын агуулга, гарын авлагыг Удирдлагын академи, Монгол Улсын Боловсролын Их сургууль болон бусад сургалт, судалгааны байгууллагууд, мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран боловсрууллаа” гэж танилцуулгадаа онцлов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энэ сургалт, судалгааны төв Нийслэлийн боловсон хүчний чадавхийг бэхжүүлэхэд гол амин судас нь болсон газар байх ёстой. Хариуцсан албан хаагчид төвийн үйл ажиллагаагаа илүү чадавхжуулахад анхаарч ажилла. Бүтээлч, санаачлагатай мэргэжилтнийг бий болгохын тулд юуг анхаарах шаардлагатай гэдгийг сургалтандаа тусгах хэрэгтэй. Төрийн албан хаагчийн ёс зүй, хандлага, төлөвшлийг тусгасан сургалтууд орох нь зүйтэй” хэмээлээ.