С.Чинзориг: Капитал банкны байдал хүндэрсэн учраас гэрээ сунгахгүй гэсэн

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд НДС-гийн хөрөнгийг Капитал банкнаас татаж аваагүй хариуцлагыг сайд С.Чинзориг хүлээх ёстой хэмээх мэдэгдсэн билээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын сайд С.Чинзоригоос Нийгмийн даатгалын сан, Капитал банктай холбоотой асуудлыг тодрууллаа.

-Капитал банкийг дампуурахыг мэдсээр байж арга хэмжээ аваагүй гэж үзэж байгаа талаар З.Энхболд мэдэгдсэн. Яагаад тухайн үед нь НДС-гийн хөрөнгийг татаж аваагүй юм бэ?

 

-Нийгмийн даатгалын сан 2008-2012 онд хүүгийн орлогоор 47 тэрбум төгрөг олж байсан. 2012-2016 онд 260-аад тэрбум төгрөгийн орлого олсон. Орлого ийм их өссөн байхад тухайн үеийн удирдлагуудыг буруутгалаа гэсэн зүйлийг АН-ын зүгээс яриад байгаа. Намайг сайдаар томилогдож ирэхэд нийт арилжааны банкинд 570-аад тэрбум төгрөг байршсан байсан. Эдгээр хөрөнгийн 31 хувь буюу 238 тэрбум төгрөг Капитал банканд байршуулсан.

 

Хууль, дүрэм зөрчөөд нэг жижиг банканд Нийгмийн даатгалын сангийн 31 хувийг байршуулсан байсан нь энэ хөрөнгө эрсдэлд орох нөхцөлийг бий болгсон. Гэрээний нөхцөлийг биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд үл маргах журмаар хөрөнгөө татаж авна гэсэн гэрээний заалт байгаа. Энэ заалтыг хэрэгжүүлэх үүднээс тухайн үед Нийгмийн даатгалын ерөнхий газраас Капитал банканд мэдэгдэл хүргүүлж байсан.

 

Мөн тухайн үед Монголбанканд байршиж байсан Капитал банкны хөрөнгийг үл маргах журмаар Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авч өгөх хүсэлтийг хүргүүлсэн.

 

Гэтэл Монголбанкнаас “Энэ манай оролцох асуудал биш. Бидэнд тийм эрх байхгүй” гэсэн хариу өгсөн. Гэрээнд НДС-гийн хөрөнгийг үл маргах журмаар татаж авна гэж заасан боловч зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банкны хооронд хийгдсэн гэрээ байна. Өөрөөр хэлбэл, иргэний гэрээ учраас Монголбанканд байршиж байгаа Капитал банкны данснаас НДС-гийн хөрөнгийг татах хууль эрх зүйн боломж байхгүй гэсэн хариу өгч өнөөдрийг хүргэсэн.

 

-Капитал банканд мөнгө байршуулах гэрээг Та сунгасан байдаг юм уу?

 

-Би 2017 оны аравдугаар сард сайдаар томилогдож очиход Капитал банктай байгуулсан гэрээ дуусчихсан, 70 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэл тус банкны харилцах дансанд байршиж байсан. Би Капитал банкны байдал хүндэрч байгаа учраас гэрээ сунгахгүй гэсэн байдалтай 2018 оны тавдугаар сар хүртэл явсан.

 

Дараа нь УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг “Капитал банкны харилцах дансан дээр их хэмжээний мөнгө таван хувийн хүүтэй байршиж байна. Тиймээс Капитал банкнаас мөнгөө татаж авч чадахгүй бол хүүгийн алдагдал үүрэхгүй байх нь зүйтэй. Мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуул” гэдэг чиглэл өгсөн учраас харилцах дансанд нь байсан 70 тэрбум төгрөгийг хадгаламж хэлбэрээр байршуулах гэрээ байгуулсан. Түүнээс биш Капитал банканд мөнгө нэмж байршуулсан зүйл огт байхгүй.