17 мянган иргэний тэтгэврийг нэмэх төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улмаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад гишүүдийн олонхи дэмжлээ.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тэргүүтэй 11 гишүүн уг хуулийн төслийг санаачилж, өргөн барьсан юм. Энэ талаар хуулийн төслийн санаачлагч Ц.Гарамжав “1990 онд баталсан Тэтгэврийн хуульд, "Төрүүлсэн болон үрчлэн авсан 4 ба түүнээс дээш хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй" гэжээ. Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлснээр, 1991 онд 32.8 мянган эх тэтгэвэр тогтоолгосон бөгөөд дээрх заалтын улмаас олон эмэгтэйг ид хийж бүтээх насанд нь буюу 35-45 насанд нь албадах шахам тэтгэвэрт гаргасан байна. Тодруулбал, энэхүү заалтын дагуу 15.4 мянган ээж тэтгэвэр тогтоолгожээ. Нийгмийн даатгалын газраас 2018 онд гаргасан судалгаагаар дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 3.6 мянга нь 280 мянган төгрөг, 7.6 мянга нь 280-300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа юм. Тиймээс дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эхчүүдэд улсын дунджаар тооцон тэтгэвэр олгохоор хуулийн төсөлд тусгасан байна. Одоогоор дундаж тэтгэврийн хэмжээ 342 мянган төгрөг байгаа гэдгийг онцолсон юм.

Мөн хуулийн төслийн санаачлагч Ц.Гарамжав “Гишүүд бүрэн эрхийн дагуу хууль санаачлах эрхтэй. 2016 онд УИХ-ын гишүүн болсноос хойш эхчүүд, иргэд энэ асуудлыг тавьж ирсэн. Тухайн үед 32 мянган иргэн байсан, өнөөдөр 17 мянган иргэн болсон. Засгийн газрын юу хийхийг бид заахгүй. Бид бас хууль санаачлах эрхтэй учраас иргэдийнхээ хүсэлтийн дагуу хуулийн төслийг санаачилсан.

Улсын төсөв 10 их наяд. Улсын дундаж тэтгэврээс бага тэтгэвэр авч байгаадаа тэтгэврийг нь нэмэгдүүлэхэд  9.8 тэрбум төгрөг шаардлагатай. Олон хүүхэдтэй гэдгээр тэтгэвэрт гарсан эхчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд 7.8 тэрбум төгрөг шаардлагатай” гэдгийг онцолсон юм.

Сонирхуулахад, 1990 онд Монгол Улс нийгэм, эдийн засаг шилжилтэд орж олон үйлдвэр, завод, ферм хаагдсан байдаг. Зах зээлийн энэхүү хар шуурганы нөлөөнд иргэдээ орлоготой байлгахын тулд наснаас нь, хүүхдийн тоог харгалзаж үзэх, ажилласан жилээс нь хамаарч наснаас нь эрт тэтгэвэрт гаргах ажлыг төрөөс авч эхэлсэн юм. Улмаар 1991 оны Тэтгэврийн багц хуулийн дагуу тухайн үед 288 мянган иргэн тэтгэвэрт гарсэн гэдэг. Үүний 83 мянган иргэн буюу 60 хувь нь наснаасаа эрт тэтгэвэрт гарсан бол 44 мянга нь дөрөв болон түүнээс олон хүүхэдтэй гэсэн үндэслэлээр тэтгэвэрт суусан байдаг. Гэвч наснаасаа эрт тэтгэвэрт гарсны хор хохирол нь нийгмийн халамжийн зорилтот бодлогод хамрагдаж чадаагүй юм. Тухайлбал, 35 настай 25 жил улсад ажилласан эмэгтэй дөрвөн хүүхэдтэй байгаад дахиад нэг хүүхэд төрүүллээ гэхэд халамжид хамрагдаж чадахгүй явж иржээ. Учир нь “Тэтгэврээ тогтоолгосон” гэдэг үндэслэлээр олон жил хохирч ирсэн байдаг. Мөн тэтгэврийн хүн гэдэг үндэслэлээр давхар олгогддог олон нэмэгдлээс хасагдаж иржээ.

2018 онд хийсэн судалгаагаар иргэдийн тэтгэврийн доод хэмжээ 342 мянган төгрөгт хүрэхгүй байжээ. Тэтгэврийн дундаж тооцооллоор өмнөх жил 342 мянга байсныг энэ жил 374 мянга болгож нэмжээ. Нэг үгээр тэтгэврийн зөрүү жилээс жилд ихэсч байгаа юм. 2017 онд наснаасаа эрт тэтгэвэрт гарсан, дөрвөн болон түүнээс олон хүүхэдтэй, 55 нас хүртэлх эрэгтэй, эмэгтэй тэтгэвэр авдаг бүх иргэний тоо нийлээд 18.6 мянга байжээ. Харин Ц.Гарамжав нарын гишүүд хуулийн төслийг өргөн барих хугацаа улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж, хойшилсоор хоёрдугаар сард өргөн барьсныг хэлэлцэж эхэлсэн нь энэ юм. Шинэчилсэн судалгаагаар ийм тооны тэтгэвэр авдаг иргэдийн тоо 17.1 мянга болон буурчээ.