Хайраар гэрэлтүүлье

Хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн үндэсний болон өрхийн үйлдвэрлэл эрхэлж,  “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Хайраар гэрэлтүүлье уриатай “Гэрэл брэнд”-ийг үүсгэн байгуулагч М.Байгалмааг урьсан юм.


Хүссэн зураг загвараараа захиалан, өөрсдийнхөө зургийг ч чин сэтгэлийн үгтэйгээ гэрэлтүүлж бие биедээ давтагдашгүй, цор ганц нандин дурсамж бэлэглэх боломжийг олгодог энэ брэнд үүсгэн байгуулагдаад жил гаран болж байна. Захиалгын лед гэрэл үйлдвэрлэл нь Монголдоо анхных бөгөөд одоогоор цор ганц байгаа Старт ап юм.

Сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр 2019 онд гурав дахь хүүгээ өлгийдөж авснаар нийгмийн харилцаанаас “чөлөө” авч хүүхдээ харангаа өөрийгөө хөгжүүлж, хоббигоо бизнес болгох боломжийг бүрдүүлжээ. Жирэмсний амралтаа авсныхаа дараа ямар нэг хувийн бизнес эрхлэхээр зориг шулуудан урд хөршөөс жижиг хэрэглэл, гэрийн чимэглэлийн зүйлс оруулж ирэн худалдаалж эхэлсэн байна. Түүний дунд ширээний жижиг лед гэрлийн зарыг цахим орчинд зар тавихад нэгэн компаний менежер залгаж “Танайх энэ гэрлийг байгууллагын логогоор хийж өгөх үү” гэж асуусан нь түүнд шинэ санаа өгчээ. Чухам ямар материалаар яаж хийх талаар мэдээлэл, мэдлэг огт байхгүй ч түүний дотор зөвхөн хийх боломжтой, болгож болно гэдэг итгэл л хатгаад байж.

Тэрхэн зуурт “Би тань руу эргээд холбогдоноо” гэж хэлчихээд л судалж эхэлжээ. Үнэхээр хүний санаанд багтсан зүйл амьдралд биелэлээ олдог гэж тэрбээр ярих бөгөөд тухайн үед хийж бүтээх хүсэлдээ хөтлөгдөж, техник технологийн талаар төдийлөн мэдэхгүй ч хүүхдээ тэврээд л эрэл хайгуул хийж, олон ч газарт очиж уулзаж үзжээ. Технологио олохын тулд тэр саад бэрхшээлтэй тулгарсан ч шантарсангүй. Анхны туршилтаараа бүтэлгүйтсэн ч эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэхээр шийдэж, олон дахин хийсний хүчинд эхний гэрлүүдээ загваруудаа гаргаж байжээ. Тухайн агшин түүний брэнд төрөх эхлэлийн үндэс байв.

Брэнд эхлүүлсэн дурсамж дүүрэн түүх

Надад тухайн үед сайхан санаанаас өөр зүйл байгаагүй компьютер, тоног төхөөрөмж тэр байтугай загвар зурах мэдлэг чадвар ч байгаагүй  ч хийнэ гэж зориглосон. Үйлдвэрлэл эхлүүлэхэд нүсэр хөрөнгө мөнгө тоног төхөөрөмж тохиромжтой хугацааг хүлээж суулгүйгээр эхлээд сайн судалгаа дараа нь боломжтой бол ажлыг тань гүйцэтгэх байгууллага олох л чухал санагдсан ингэснээр эрсдэл ч бага хүлээнэ. Үйлдвэрлэл эхлүүлнэ гэхэд зарим хүмүүс гэрээсээ ч дураараа гарах боломжгүй байж юун зоргоороо юм бэ гэж намайг мохоох үе байсан. Гэхдээ би хийх ёстой, чадна гэсэн бодол намайг  тайван байлгаагүй. Ах, хань хоёроосоо дэмжлэг хүсээд анхны хөрөнгөө босгоод материал, бэлдэцээ авч байлаа хэмээн дурслаа.

“Гэрэл” брэндийн хамт олон хэдийнээ баяр бүрээр хайртай дотны хүндээ бэлэг захиалдаг үнэнч хэрэглэгчидтэй болоод амжжээ. Эхэндээ тэрбээр зөвхөн зар тавьж захиалга авах, хар зураг гаргаж, дизайнертаа дамжуулж, зуруулдаг байсан бол өдгөө компьютер авч программаа сурч, дизайнаа гаргаж, өөрөө бүгдийг хийхээр тоног төхөөрөмжөө ч авчээ. Ханьтайгаа хамтраад бүх зүйлээ өөрөө 100 хувь гардан хийдэг болсон байна.

М.Байгалмаа брэндийнхээ бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд хамгийн их анхаарал хандуулж ажилладаг аж. Жилийн хугацаанд нэр төрлөө 8-9 болтол нь өргөжүүлсэн байна. Ажлынхаа гарааг ширээний гэрлээр эхлүүлсэн бол өдгөө цаг, бэлэг дурсгал,бар рестораны меню, гэрэлтдэг өргөмжлөл зэргийг хийдэг болжээ. Одоогоор3000 орчим загвар гаргасан М.Байгалмаа гэрэл бол миний амьдралын салшгүй хэсэг болсон хэмээн ярив.

Хийхэд ажиллагаа ихтэй. Хар зураг зурахаас эхэлж, олон шат дамжлагаар бүтнэ. Захиалагчдаа хүссэн загвараараа урлуул гэсэн амлалт өгчихсөн болхоор хүн бүхний хүсэлд нийцэхүйц бүтээл хийхэд амаргүй. Тиймээс захиалагчтайгаа эхлээд сайн ярилцаж, төсөөллийг нь зураглах хэрэгтэй болдог.Хар зургаа гаргачихаад үзүүлээд захиалагч маань “Болжээ” гэсэн тохиолдолд гэрэл болгоно. Энэ нь ч хэн хэндээ амар, сэтгэл ханамжтай байдаг” гэв. 

Үндэсний болон өрхийн үйлдвэрлэл эрхэлхэд түүхий эд материалын асуудал тулгардаг.  “Гэрэл” брэндийн хувьд урд хөршөөс бэлдэц сууриа авдаг байсан бол өнгөрсөн оноос бэлдэцийнхээ тал хувийг өөрсдөө эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн байна. М.Байгалмаагийн хань нь ажлынхаа хажуугаар бэлдэц түүхий эдийг нь бэлдэж өгдөг болжээ. Ингэснээр илүү зардал гаргаж, хятад руу хөрөнгө оруулалт хийх хувиа багасгаснаас гадна бэлдэц хийхэд хэрэглэгдэх жижиг тоног төхөөрөмжүүдээ ч зэхээд амжсан байна.

Анх хийж эхэлсэн үеэ өнөөдөртэй харьцуулахад материалын үнэ огцом нэмэгдсэн ч бүтээгдэхүүнийхээ үнэлгээнд өөрчлөлт оруулаагүй гэнэ. Нэг үгээр хэрэглэгчдээ зориулж үнийн бодлогоо тогтоосон гэсэн үг. Тухайлбал, ширээний гэрлүүд суурь, жааз болон гэрлийн сонголт зэргээс хамаарч 40000-55000 төгрөг байдаг бол ханын гэрэл, цаг хэмжээнээсээ хамаарч харилцан адилгүй үнэлгээтэй. Хэрэглэгч тухайн гэрэлт бүтээгдэхүүн дээр зуруулах зураг, бичүүлэх үгээ өөрөө захиалж болохоос гадна гэрлийнхээ хэлбэр дүрсийг ч хүссэнээрээ захиалж болдогоороо давуу талтай.

Хайртай дотны хүндээ тэмдэглэлт баяраар насан туршдаа хадгалах чин сэтгэлийн нандин үгсээ бичүүлж, “Гэрэл” брэндийн гэрэлтсэн бэлгээр баярлуулах боломжтойг М.Байгалмаа хэлж байсан юм. Бэлэг гэдэг зүйл үнэ өртөг өндөртэй дөө биш үнэ цэнэтэй дурсамж болон үлдэх  ёстой.

Цаг сайхан болохоор үйлдвэрлэлээ өргөжүүлж, брэндийн дэлгүүрээ нээх зорилт тавин ажиллаж  байгаа тус брэндийн хамт олон гэрийн чимэглэл жижиг гар урлалын декорын ажлыг эхлүүлсэн “ “Gerel home decor” гэсэн нэртэй пэйжхуудсыг нээн ажиллуулж эхэлжээ.

Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн хажуугаар өрхөөс үндэсний үйлдвэрлэл рүү шилжиж  олон хүнийг ажлын байраар хангах зорилт тавин ажиллаж эхлүүлсэн ажилдаа эзэн болж яваа бүсгүйн ирээдүйн тодоос тод гэрэлтэхыг хүсье!!!

                                                                                                  С.Ичинхорлоо

Захиалга өгөхийг хүсвэл fb-messenger://user-thread/103751374444804 хаягаар холбогдоорой.