Удам дамжсан уран шагчид

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Б.Долгорсүрэнг урьсан юм. Дуу хуурын өлгий нутаг Дундговийн аймгийн Өлзийт суманд малчны гэрт төрж өссөн тэрбээр хүүхэд ахуй цагаасаа мал маллах ухааныг аав ээжээсээ суралцжээ. 1993 оноос хойш 28 жилийн турш өнөөг хүртэл үйл мэтгэж, хөдөлмөрлөж яваа уран бүсгүйн урласан таван эмжээртэй дээл, хүрэм, хантаазыг  21 аймгаас иргэд холбогдож, захиалга өгдөг аж.

Сумандаа найман жилийн боловсрол эзэмшсэн тэрбээр Урлах эрдэм дээд сургуульд суралцах хүсэлтэй байсан ч аав нь төдийлэн дэмжээгүй учраас аргагүйн эрхэнд малчин болсон гэдэг. Төлийн дуу цангисан малчны хотонд амьдралынхаа он цагийг элээсэн ч ээжээсээ өвлөж авсан эрдэм нь “Тансаг сонголт” урланг байгуулж амжилттай ажиллах эхлэлийг тавьсан байна. Нутаг усандаа уран хэмээн алдаршсан ээж С.Хүүхэндүүгийн урлах авьяас хоёр охинд нь удмаас нь өвлөгдөн иржээ.

No description available.

“Сурагч байхдаа хөдөлмөрийн хичээлдээ сонирхолтой онц сурдаг байлаа. Багшийн хий гэсэн бүхнийг л чаддаг их идэвхтэй. Аав ээжийн талынхан уран, ажилсаг хүмүүс. Тухайн үед хамаатны Амбаа эгч ахуй үйлчилгээнд оёдолчин хийдэг байсан. Очихоор л “Алив Догоо миний дүү шилбэ эргүүл, индүүд гэнэ. Би ч сонирхолтой болохоор эгчийн  даалгаврыг сайн биелүүлнэ. Эмээгийн гар оёдлын машиныг хэрэглэнэ. Тэмээний ноос зогдор урж, сэмлэж ээрч оймс, цамц, зэргийг нэхнэ. Тэр үеэс хувцас загварын салбарыг их сонирхож эхэлсэн" гэв

Дээлтэй танилцсан түүх

1993 оны өвөл ээж нь сар шинийхээ бэлтгэлийг базаахаар нийслэлийг зорьжээ. Цэнхэр минчүүгээр эсгэсэн дээлийг нь Б.Долгорсүрэн дур мэдэн оёчихож. Анхны бүтээл учир алдаа оноотой ч дээл хийчлээ хэмээх дэврүүн сэтгэлдээ хөтлөгдөж, үлдсэн материалаар нь дүүдээ эсгүүр гаргаад нямбай гэгч нь оёод баадагнаж тавьсан талаараа дурслаа. “Эсгүүрээ хийхдээ их бодсон. Энгэр дээрх гол оёонд бүтэн дугуй хээ таараад, зах залгахаа бодож будиллаа. Тэгээд хэргийн эзэн болсон хээгээ нэлээн дор гаргаж, эсгээд л оёсон. Ээж ирээд би шалгалтад орсон доо” гэлээ.

No description available.Насаараа дээл оёсон ээж нь охиныхоо анхны бүтээлийг дүгнэхэд эхний дээлийн  зах нь дээрджээ. Харин өөрийнх нь эсгэсэн дээл үнэлгээ өндөр авсан байна. Б.Долгорсүрэн арван зургаан насандаа ийн бүтээл урласан нь дурсамж болон үлджээ. Энэ үеэс эсгэж, сурч ээжийнхээ урдуур орж оёдлын ажлыг хариуцдаг болсон байна. Айл саахалтынх нь дээл хийвэл орж туслахаас гадна ээж нь бригадын төв ороод ирэхдээ захиалга авч ирнэ. Тэр бүгдийг охиндоо хариуцуулж, хамт хийнэ. Шилбэ жирийтэл хадах хатуу шаардлагыг тавина. Хэрвээ санаанд нь нийцэхгүй бол ханзлуулаад дахин дахин оёулдаг байжээ. Алдаа бүрээ сургамж хэмээн хүлээн авдаг байсан Б.Долгорсүрэн ажлаа чин сэтгэлээсээ хийх дадал, ур чадварыг ээжээсээ эзэмшжээ.

 Таван эмжээртэй "тансаг" дээл төрсөн түүх

Өлзийт сумын 80 жилийн ойд зориулан аав, ээждээ дээл урлаж өгөхөөр болов. Аавынхаа дээлийг гурваар эмжиж хийжээ. Харин  ээжийнхээ дээлийг гурван эмжээрийн дунд өөр өнгөөр эмжих санаа төрж, өнгө алаглуулж  хийсэн байна.  Тэр үедээ таван эмжээртэй эрэгтэй дээл хийвэл гоё юм байна гэж бодоод өнгөрч. Хүүдээ зориулж таван эмжээртэй дээл хийж өгөхөд харсан хүмүүс   хийц сайтай болжээ хэмээн урамын үгсийг хэлсэн гэдэг. Тухайн үед фэйсбүүк бүү хэл утас ч ховор байсан цаг. Хөдөө мал маллаж байгаад аймгийн төв рүү суурьшаад оёдлынхоо ажлыг хийхийг төлөвлөжээ.

“Нутгийн эгч маань нөхөртөө  чамин гоё дээл хийлгэмээр байна гэсэн. Өнгөө хэлээд   хэмжээ өгөөд явлаа. Хүүдээ зориулж хийсэн  таван эмжээрээтэй дээлээ үзүүлсэн. Захиалгаар хамгийн анх хийсэн дээлийг  О.Тэгшбаяр ах хийлгэж, өмссөн. Үүнээс хойш таван дээлний эмжээртэй эрэгтэй дээлийг дагнаж хийсэн дээ. Өөрийн гэсэн тодотголтой өнгө аясыг тохируулж урладаг. Урамшуулж магтсан үгсийг их сонсоно. Захиалга их ирнэ. Олны танил хүмүүсийн дээлийг ч оёж байлаа” хэмээн хуучлав.

No description available.

Жинэхэн эздэдээ очдоггүй ЖДҮ-ийн зээл

Хөдөөнөөс төв рүү шилжиж ороод торго бөс бараа зарж, оёдлынхаа ажлыг давхар хийхээр түрээсийн өрөө хайсан ч олдоогүй гэнэ. Тиймээс танил эгчийнхээ ажлын өрөөний нэг хэсэгт сейф тавьж ломбард хэсэг хугацаанд ажиллуулжээ. Бизнес эхлүүлэх гэж байгаа учир түүнд ингэж л мөнгөө өсгөе гэсэн бодол төрж. Жилийн хугацаанд ломбард ажиллуулсан ч явцгүй санагджээ. Гэвч түүний сэтгэлд өөрийн гэсэн өрөө түрээслэж,  урландаа урлаж шаглах хүсэл нь байсан учир эрэл хайгууль хийсэн байна.  Төд удалгүй хүсэл нь биелж түрээсийн өрөөндөө үнэт өмч хөрөнгө болох оёдлын машинаа байрлуулж ажиллаж эхэлсэн гэдэг.  Хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө даавуу, торго авч, лангуунд эмх цэгцтэй өрж,  өөрийн урлантай болж чаджээ.

“Тансаг сонголт”  урлан нь хөл хөдөлгөөн багатай газар байрлалтай байсан ч  Б.Долгорсүрэнг зорьж ирдэг үйлчлүүлэгчид өдрөөс өдөрт нэмэгдэж байсан гэдэг.  Тиймээс түүнд хичээж ажиллах л сонголт үлджээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгээр урлангаа өргөжүүлэх хүсэл түүнд байдаг ч санхүүгийн хүндрэл тулгардаг гэдгийг ч тэрбээр нуусангүй. “ Ажил цэгцрэх тусам тоног төхөөрөмжөө нэмсэн. Өрөөндөө торго, бөс бараа зарна. Тиймээс олон хүн орж ирвэл багтаж шингэхгүй хэцүү.  Урлангаа томсгоод объектоо зээлээр аваад гурван жил зээл төлөөд явж байна. Цаашид төлөвлөсөн ажил байгаа ч орон нутгаас дэмжлэг байдаггүй. ЖДҮ-ийн зээл нь олдохгүй юм билээ. Засгийн газраас иргэдийг дэмжих зорилгоор олгож байгаа гурван хувийн хүүтэй зээлийг хөөцөлдөөд ч авч чадаагүй” гэв. Бор зүрхээ хөдөлмөрлөж яваа бүсгүй Засгийн газраас олгож байгаа зээлийг авч чадвал хийх ажил их  байгаагаа онцолж байв.

Үндэсний дээл  өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн үнэ цэнэтэй  өмсгөл. Хийц загвараа алдахгүй байх нь чухал. Хувцас загварын салбар жилээс жилд хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа ч үндсэн элементийн алдагдуулахгүй хийхийг эрхэмлэдэг олон урлаач бий. Тэдний тод төлөөлөл болох Б.Долгорсүрэнгийн амьдралын салшгүй хэсэг бол дээл оёх. Тэр дундаа эрчүүдэд зориулж оёдгоороо онцлогтой.  “Хүрэм, хантааз хийх л ажиллагаа ихтэй. Хөдөө байхдаа давхар 32 угалзтай дөрвөн хошмог хос гардаг морины толгой ар нуруундаа гарсан зүү ороож оёсон 30 гаруй  хүрэмийг нутаг усныхандаа хийж бэлэглэж байсан сайхан түүх бий.” гэв. 

Тэрбээр дээлээ таваар эмжихээс гадна зоосон ширээний сүлжмэл, зүү ороох оёдлыг хослуулан хийдэг байна. Энэ нь эрчүүдэд их таалагддаг аж.

“Одооны залуус үндэсний өв соёлоо сайн мэднэ. Үндэсний дээлийг дөрвөн улиралын турш өмсөж байна.  Би дээл өмсөх их дуртай.  Дээл өмссөн хүн нүдэнд дулаахан цог золбоотой харагддаг. Эмэгтэй хүн эрхэмсэг төрхийг илүү тодотгож өгдөг хэмээх түүний  үгнээс өвлөгдөн ирсэн өв соёл, монгол ахуй, үндэсний дээл хувцасаа үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээхийг зорьж байна.

 

 С.Ичинхорлоо 

 

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.