Дарьганга хийцийг түүчээлэгч

“МОНГОЛ БРЭНД” цувралын зочноор Сүхбаатар аймгийн Дарьганга сумын  уугуул сийлбэрийн урлагыг модтой хоршуулж тавилга урладаг Г.Одбаярыг урьсан юм.

Нутаг усандаа алдартай уран дархан Гомбожавын удмыг үргэлжлүүлж яваа тэрбээр 12 хүүхэдтэй айлын долоо дахь хүү болон мэндэлжээ. Түүний аав, том ах нь гарын ур дүйтэй ажилсаг, нямбай хүмүүс байсан нь багаасаа модон эдлэлтэй  харьцах суурийг тавьж, өдгөө амьдралынх нь салшгүй нэг хэсэг болжээ. Олон хүүхэдтэй айлд өссөн болохоор Г.Одбаяр багын дүрсгүй, хөдөлгөөнтэй, зураг зурах сонирхолтой байв. Сийлбэрийн машин гараагүй үед өөрөө зургаа зурж, өнцөг булан бүрийг хутгаар ухаж сийлснээр анхны бүтээл болох авдараа хийжээ. “Тухайн үед сийлбэрийн тоног төхөөрөмж байгаагүй. Анхны авдар найзын маань ээжийнд одоо ч байдаг. Ороод харахад сайхан санагддаг” гэлээ. Тэр үеэс гэрийн модон тавилгыг төрөл бүрээр хийж эхэлсэн байна. Олон жил энэ салбарт амжилттай ажилласан ахдаа дөрвөн ханатай гэрийн зургаан ястай хаалга хийснээ харуулахад “Бат бөх хийц сайтай хийсэн байна” гэсэн магтаалын үг сонсч урам авсан тухай ярилаа.

Цаг хугацаа хувьсан өөрчлөгдөхийн хэрээр багаж, тоног төхөөрөмж сайжирчээ. Авдар, ширээ, сандал, бурхны гуу, шүүгээ, гал тогооны иж бүрдэл зэрэг гэрт хэрэглэгдэх бүхий л тавилгыг хийнэ. Туслах ажилтангүй учраас ганцаараа гардаж ажиллана. 

No photo description available.Г.Одбаярт захиалга өгөх хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ч хийц чанартаа анхаарал хандуулж, хүний сэтгэлд нийцэхүйц бүтээл хийхийг зорьдог байна. Модны чанарт анхаарал хандуулахаас гадна углуургаа маш сайн хийх ёстой гэнэ.Өдгөө Багануурт дүүрэгт суурьшиж, чиргүүлийг үйлдвэрийн байр болгон ашиглаж байна. Ажлыг эхлүүлж, тууштай үргэлжлүүлэх чухал ч орон нутагт ЖДҮ эрхлэхэд олон  садаа бэрхшээл тулгардаг. Багаж нь эвдрэхэд дүүрэгт нь засах газар, сэлбэгийн дэлгүүр байхгүй. Улаанбаатар руу орж ирэх шаардлага гарна. Түүхий эд, материалаа хотоос л худалдаж авч, зөөвөрлөнө. “Ажил хийж байгаа хүн аргыг олчихдог юм даа” хэмээн хэлж, модоо харуулдав. Авдар хийхээр суугаа нь энэ. “Айлын хойморт миний хийсэн бүтээл болох бурхны гуу, авдар, ширээ заларч байхыг харахаар сэтгэлд сайхан. Бурхандаа мөргөж тахилаа засаад цай идээнийхээ дээжийг хийж өргөнө. Буянтай сайхан ажил хийж байна гэж боддог” гэсэн юм. 

No photo description available.Захиалгаа товлосон хугацаандаа гаргахаар шөнөжин сууж хийх үе бий. Үйлчлүүлэгчийнхээ итгэлийг алдахгүй байх нь чухал. Саяхан Г.Одбаярт үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгоор Засгийн газраас арилжааны банкаар дамжуулан олгож буй гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтээ өгчээ. Гэвч түүний хүсэлт шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар хаалга мөргөөд буцсан байна. “Гурван хувийн хүүтэй зээл хөдөлмөрлөж байгаа бидэн шиг хүмүүст олдохгүй юм билээ. Дүүргийнхээ ХААН банкны салбарт 10 сая төгрөгийн зээл авах хүсэлт өгсөн. Банкнаас 3.5 саяыг гаргасан. Ажлын байр, тоног төхөөрөмжөө тооцож үзээд 10 сая төгрөг гарах байх гэж бодсон. Гэвч боломжгүй гэсэн. Үнэнийг хэлэхэд одоогоор үйл ажиллагаа бүрэн жигдрээгүй байна. Чамлахаар чанга атга гэдэг. 3.5 саяараа материал авсан. 80 мянгаар авдаг байсан модны үнэ нэмэгдээд 130 мянган төгрөг болсон байна лээ” гэв. 10 сая төгрөгрийн зээлээ авчихвал ажилдаа асар олон өөрчлөлт хийхийг төлөвлөж, өрөөл бусдыг сургаж, цалингаа цагт нь олгодог ажил олгогч болохыг Г.Одбаяр хүсжээ. Хийж бүтээх хүсэл байгаа цагт хүн зогсолтгүй хөдөлмөрлөдөг. Үүн шиг Г.Одбаяр өөрт байгаа боломжийнхоо хүрээнд үйлдвэрийнхээ байрыг томруулахаар дараагийн ажилдаа оржээ. 

C.Ичинхорлоо 

No photo description available.May be an image of outdoorsNo description available.