Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулах шийдвэр гаргажээ

Өмгөөлөгч Б.Баасанцогтын зүй бус үйлдэлтэй холбогдуулж, нэр бүхий гурван шүүгчид хариуцлага тооцуулах шаардлага иргэний хөдөлгөөнөөс Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хурал өнөөдөр болж, шийдвэрээ гаргажээ.

Уг шийдвэрээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт огцруулах, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт цалинг нь зургаан сарын хугацаанд 30 хувиар торгох сахилгын шийтгэл ногдуулжээ.

Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.16-д шүүгчид албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл ногдуулсан бол Ёс зүйн хороо шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэх заалттай. Уг шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснээр эцэслэх юм.