Алган дээрээ амь өлгийдөгч

Хүүтэй минь уулзуулсан хүйн ээж

Алган дээрээ амь өлгийддөг Амгалан амаржих газрын “галын шугам”-нд ажилладаг эх баригч Н.Отгончулуунтай уулзсан түүх гэр бүлд гэрэл нэмж ирсэн хүүгээ төрүүлэхэд танилцаж билээ. Үүрийн 04.00 цагт өвдөлт өгч, түргэний тэргэнд айдас түгжүүртэй ч аз жаргалыг мэдрэхээр эмнэлгийн зүг явав. Хаврын өглөө, үүр цайсан ч их хот нам гүмхэн хүүг минь хүлээх шиг санагдаж байлаа...

Амгалан амаржих газрын Төрөх тасгийнхан угтан авч, өрөөнд орохтой зэрэгцэн өөрсдийгөө товчхон танилцуулаад “Танд хэрэгтэй зүйл байвал бидэнд хэлээрэй” гэсээр хаалга хаан гарцгаав. Төд удалгүй асрагч эмэгтэй орж ирээд “Бие нь яаж байна. Өвдөлт хоорондын цагийн давтамж хэр байна. Та нуруугаа илүүлэх үү” гэх асуулт гурав дахь удаагаа төрөх гэж байгаа намайг гайхшруулж орхив. Орон нутагт төрж байсан би улсын чанартай эмнэлэг өөр юм байна гэсэн бодол толгойд зурсхийв.

13.00 цагт хүчтэй өвдөлт өгснөөр эх баригчийн хяналтад шилжсэн юм. Цаг алдалгүй үзлэг хийж, нэг гарт судас тариа харин нөгөөд нь ургийн зүрхний цохилт хянадаг аппаратыг залгалаа. Хоёр дахь охиноо хэдхэн минутад төрүүлчихсэн би хүүгээ ч бас түүн шигээ санав. Хүчтэй өвдөлт миний бодлыг ор мөргүй замхруулав. Хүү минь хүзүүгээ хүйгээрээ ороосноос үүдэж зүрхний цохилт нь унаж эхлэх мөчид эх баригч, эмч болон төрөх тасгийн даргыг дуудлаа. Яарч сандралдсан цагаан халаадтай баатрууд яаралтай арга хэмжээ авч хүү минь эсэн мэнд ээждээ ирэв. “Хүүхдийн чинь зүрхний цохилт унаж байна. Амьсгалахад нь хүндрэл учирлаа. Хүчтэй дүлээд өг, миний охин” гэж хэлж байсан хэд маань “Одонгийнхоо хүүхдийг манайд ирж төрүүлнэ шүү” хэмээн хоорондоо инээлдэж, хүүг минь жинлэж, өндрийн үзэж, амин үзүүлэлтийг хянах агшин намайг хорвоогийн хамгийн жаргалтай эмэгтэй болгож хувиргав. Төд удалгүй  улаан нялзрай үрийг минь энгэрт минь тэврүүлж, элгэнд минь наав. Энэ гайхалтай мөчийг эмэгтэй хүн л мэдрэх хувьтай төржээ... 

No description available.Үе тэнгийн хэрнээ “Миний охин хүүгээ амлуулаарай. Удахгүй шөлөө ууна шүү” гэж элгэмсэг хандах эх баригчаас “Таныг хэн гэдэг вэ” гэхэд Н.Отгончулуун гэж хариуллаа. “Хүүг нь өлгийдөөд унтуулчихъя” гэсээр бяцхан үрийг минь тэврээд цааш явав. Жимбийтэл өлгийдчихөөд “За хоёулаа шөлөө ууна аа. Тайван хэвтэж бай” гэсээр шөл халбагдаж өгөв. Энэ л үед би хүүгийнхээ хүйн ээжээрээ бахархаж,  хайрлаж, хүндэлж, фэйсбүүкийнх нь фэн болж хувирсан юм.

 Ээжийнхээ хүслийг биелүүлж, эх баригч болов

Олноо Н.Отгончулуун гэж хүндлэгдсэн эгэл даруухан эх баригч бүсгүй эрүүл мэндийн салбарт 10 жил ажиллаж явна. Өргөсөн тангарагтай үнэнч байж өрх гэрт аз жаргал бэлэглэгч өхөөрдөм үрсийг алган дээр “өлгийдөж” амьдралын замд угтаж авсан цагаан халаадтай чимээгүй баатрын ажил амьдралынх замналыг сийрүүлье.

Н.Отгончулуун хөвч хангай, тайга хосолсон Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд долоон хүүхэдтэй айлын отгон охин болж  төржээ. Арван жилийн сургуулиа төгсөхөд нь хан хорвоогийн түшиг тулгуур хайрт аав нь тэнгэрт дэвшиж, оюутан болж чадаагүй гэнэ. Жилийн дараа  Дархан-Уул аймгийн ЭМШУИС-д элсч Эх баригч мэргэжлээр суралцаж төгсжээ. Багын л багш болох мөрөөдөлтэй байсан ч ээжийнхээ зөвлөгөөг дагаснаар эрүүл мэндийн салбарт ажиллаж эхэлсэн гэнэ.

Анагаахын оюутнууд нэгдүгээр курсээсээ дадлагаждаг. Н.Отгончулуун хувьд төрөлх сумынхаа эмнэлэгт олон жил эх баригч хийсэн Мандхайгаас маш олон зүйлийг суралцсан байна. Тариа хийхээс эхлээд өвчтөнд үзүүлэх анхан шатны мэдлэгийг олж авчээ. Харин хоёр, гуравдугаар курстээ Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн Лхамжав эх баригчийг дагалдаж, сар гаруй хугацаанд жижүүрт хоносон байна. Төрөхөөр ирсэн эмэгтэйчүүдэд яаралтай тусламж үзүүлэхээс гадна дуудлагад хүртэл хамт явахдаа “Ингээд би эх баригч болох нь дээ” гэж мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрсэн гэдэг.

No description available.“Эмчийн цагаан халаадаар гоёж, эгнэн зогсч тангараг өргөх мөч л хамгийн сайхан байсан. Ээж минь их баярласан байх...” хэмээх Н.Отгончулуун ажлынхаа гарааг сумынхаа эмнэлгээс эхлүүлжээ.  “Анхны бүхэн амьдралын минь салшгүй хэлхээс болж үлддэг. Ажлынхаа хамт олныг одоо ч санагалзддаг.  Уранчимэг, Сайнхүү эгч нартайгаа илүү дотно байсан.   Эх баригч маань гадуур ажилтай байж таараад ерөнхий эмч Буянжаргалтай хамт анхны хүүхдээ эх барьж авсан нь санаанд тодхон үлдсэн дээ” гэв.

Тэрбээр “Амгалан” амаржих газарт 2012 оноос хойш тасралтгүй ажиллаж байна.  Жирэмсний эмгэгийн тасагт анх ажиллаж эхэлхэд  арга зүйч нь “Буруу эм өгч, тариа хийвэл шоронд орно шүү” хэмээн хатуу сануулж, захидаг байжээ.  Хэлсэн үг нь хэсэг хугацаанд үргэлж бодогдож, хариад ч унтаж чадахгүй санаа зовдог байсан гэдгээ онцолж хэлж байв.  Н.Отгончулуун 2013 онд эх баригч Тунгалагтамир,  Долгормаа нарыг дагалдаж, төрөх тасагт ажиллаж эхэлсэн байна.

“Эх баригч хүн хорвоод анх мэндэлж байгаа хүүхдийг алган дээрээ тосч авах мэдрэмж л хамгийн сайхан. Миний мэргэжил эх үрийг эрүүл саруул уулзуулж байна гэж бодохоор бардамнах сэтгэл төрдөг. Аав ээжээс нь түрүүлж тэр хөөрхөн хүүхдэд гар хүрдгээрээ онцлогтой” гэв. Түүний мэргэжил тийм л үнэ цэнэтэй.

Тайвшрал хамгийн чухал

Эмэгтэй хүнийг хүүхэд төрүүлэхдээ төрөлхийн авираа гаргадаг гэх нь ч бий. Эрүүний яснаас бусад нь салж, эх үр учирдаг учраас ингэтлээ өвдөж төрөх нь хүмүүний амьдралын хууль байж мэднэ. Төрөхөөр ирсэн ээжүүдийг тайвшруулахыг хичээнэ. Түүнээс гадна маш сайн ярилцаж, зөвлөгөө өгч, ээжийг зоригжуулж, эсэн мэнд төрүүлөхийг зорьж ажилладаг байна.  Өөрөө эх хүн, эмэгтэй хүн болохоор өвдөж байгаа хэсэгхэн хугацаанд нь хайрлаж, эвгүй сэтгэгдэл төрүүлчихгүй юмсан гэж хичээнэ. Уйлж, уурлаж, аашилж, загнаж байсан ээжүүд төрснийхөө дараа тайвширч, “Танд баярлалаа” гэсэн үгийг сонсох л сайхан байдаг гэв.

Жижүүрт хонох үед гэнэтийн хүндрэлтэй тохиодол олон гарна. Төрөх тасагт багийн ажиллагаа маш чухал. Цус алдалт, хүүхдийн зүрхний цохилт унах, эх болон ургийн амь насанд заналхийлсэн ноцтой, аюултай тохиолдолд баг хамт олноороо яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлдэг. “Эх барихын салбарт олон хүндрэл байдаг. Энэ болгонд бид  багаараа тусламж үзүүлээд явдаг. Эх барих эмэгтэйчүүдийн их эмч, эх баригч, нярайн эмч, асрагч зэрэг бүгдээрээ өөр өөрийн үүрэг хариуцлагатай” гэв.

No description available.Эх баригчийн ажлын нэг өдөр хуруугаа уншуулж, цагаа бүртгүүлснээр эхэлнэ. Төрөх өрөөндөө орж, хүнээ хуваарилж авна. Хүн төрүүлэхээс гадна эм тарианы орлого, зарлага авах, мэдээ өгөх гээд ажил араасаа ундарна. Бичиг баримт хөтөлж, дараагийн ээлжиндээ бүх л ажлаа дуусгаад жин тан хүлээлгэж өгөх бичигдээгүй дүрэм тэдэнд үйлчилнэ.

“Отгончулуун дээр төрж байсан юм. Одоо дахиад төрөхөөр ирлээ” хэмээн сураглаж ирдэг ээжүүд олон. Өөрийг нь зориод ирсэн хүний итгэлийг нь алдахгүй өхөөрдөм үрийн өлгийдөөд “Эрүүл саруул өсгөөрэй” гэх ерөөлийн үгийг хэлээд үднэ.

Нэг эх баригч  өдөрт 5-10, жилд 600-700 хүүхэд төрүүлнэ. Долоон жил гэж тооцоолж бовдол тэр 4000 гаруй хүүхдийн хүйн ээж хэмээх хүндтэй алдрын эзэн болжээ. Тэрбээр эмнэлэгтээ 12 хоногийн турш гэртээ харилгүй ажиллаж байна. Эх барих их эмч, Б.Даваацэрэн, эх баригч Н.Болортунгалаг, ариутгагч Н.Оюунгэрэл нартай нэг баг болж улаан бүсэд ажиллаж байгаа нь энэ. Хоёр хоногийн дараа тэр хайртай хань, хонгорхон үрстэйгээ уулзахаар гэртээ харина.

Цаг наргүй ажилладаг, цагаан халаадаар гоёсон тангараг өргөн танд талархан мэхийе!

С.Ичинхорлоо

No description available.