Гадаадад суугаа монголчуудын 62.5 хувь нь саналаа өгчээ

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах ажлын хүрээнд гадаад улсад оршин суугаа сонгогчдын санал авах ажиллагааг өнгөрсөн сарын 30-наас эхлүүлсэн. Хуульд зааснаар гадаад улсад байгаа сонгогчийн саналыг тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цаг хүртэлх хугацаанд авахаар заасан тул Салбар комиссуудын санал авч эхлэх болон дуусах хугацаа харилцан адилгүй байдгаараа онцлогтой. Үүнээс шалтгаалж санал авах ажиллагаа Улаанбаатарын цагаар тавдугаар сарын 30-ны өдрийн 05.00 цагт Австрали Улсын Канберра хот дахь Салбар комисст хамгийн түрүүнд эхэлсэн бол АНУ-ын Сан Франциско хотод мөн өдрийн 22.00 цагт эхэлсэн юм.

Сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж бүртгүүлэн, ажиглагчийн гэрчилгээ авсан “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын дөрвөн ажиглагч, МАН-ын 15 ажиглагч, нийт 19 ажиглагч энэ удаагийн сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаанд хөндлөнгийн ажиглалт хийж байна. Харин “Зөв хүн электорат” эвсэлээс 12 ажиглагч бүртгүүлэх тухай хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т заасан хугацаанаас хоцроож, 2021.05.27-ны өдөр ирүүлсэн тул материалыг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн болно. Өчигдөр буюу 2021 оны тавдугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатарын 17:00 цагийн байдлаар гадаадад саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 62.5 хувь буюу 4623 сонгогч саналаа өгөөд байна.

Одоогийн байдлаар орон нутгийн цагийн бүсээс шалтгаалан 16 Салбар комисс санал авах хоёр дахь дахь өдрийн ажиллагаагаа эхлүүлсэн, 28 Салбар комиссын хоёр дахь дахь өдрийн ажиллагаа хараахан эхлээгүй байна. Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны тавдугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа гадаад улсын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжлэх тул санал авах ажиллагаа хамгийн сүүлд АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комисст Улаанбаатарын цагаар 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн 13:00 цагт өндөрлөнө.