Х.Баттулгад үлдээсэн ХОЁР СОНГОЛТ

Монгол Улсын дараагийн Төрийн тэргүүнийг сонгох ээлжит сонгууль орон даяар болж, урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй олонхийн саналаар зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдов. Сонгуулийн төв байгууллагаас ялалт байгуулсан нэр дэвшигчийг УИХ-д өргөн мэдүүлж, хууль баталснаар У.Хүрэлсүхийн бүрэн эрх албан ёсоор хэрэгжих учиртай. Хуулийн энэ үе шат хэзээ, хэрхэн явах нь цаг хугацааны асуудал. Харин шинэ Ерөнхийлөгчид Төрийн тамгаа шилжүүлэхээр зэхэж буй Х.Баттулгын дараагийн улс төр юу байх вэ? гэдэг нь наадмын араас хөврөх том сэдэв. Улс төрийн намын гишүүнчлэлээс татгалзаж, ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байх хуулийн хэрэгжилтийг мөрдөх нь Ерөнхийлөгчийн нэн тэргүүний үүрэг ч өнгөрсөн жил гаруйн хугацаанд АН доторх Х.Баттулгын нэр нөлөө далд бус мэдэгдэхүйц хэмжээнд ил гарсан.

Эцэстээ нь улс төрийн удаах хүчний эрэмбэтэй АН дотроо хоёр хуваагдаж, дотоод зөрчил нь даамжирсаар чадан ядан, дөнгөн данган Ерөнхийлөгчийн сонгуультай золгосон нь энэ. Золгосон гэхээсээ хоёр хуваагдсан АН-ын хэн нь албан ёсных вэ? гэдгийг мэдрүүлэх гэж л Ерөнхийлөгчийн сонгуульд оролцлоо. Гэвч АН-ын нэр дэвшигчийн санал, цагаан сонголтоос ч хол давж чадаагүй нь Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэй О.Цогтгэрэл нарт тэнгэрийн од атгасны дайтай том боломж олгож байх шиг. Өөрөөр хэлбэл, АН-ын түүхэн дэх хамгийн арчаагүй ялагдлын араас хүч түрж, өөрсдийн үндсэн зорилгоо биелүүлэх магадгүй бодит боломж нь сонгуулийн дүн байв. Тэд үүнийг л хүлээж байсан гэлтэй.

Ардын хувьсгал, Ардын Намын 100 жилийн ойгоор МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгч наадам нээх нь одоогийн эрх баригчдын туйлын хүсэл байсан нь мэдээж. Тэгэх нь ч аргагүй. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд АН-ын шошготой Ерөнхийлөгч Төв цэнгэлдэхийн хойморт заларч, Төрийн наадмыг нээсэн нь гарцаагүй ялах туган дор МАН-ыг хөтөлсөн. Тэрэндээ ч хүрлээ. Гагцхүү Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн үлдээсэн өв буюу Хэнтийн тойрогт сул орон зай гарсан нь АН-д төдийгүй Х.Баттулгад дахин нэг хаалгыг нээж өгч байна. Үүн дээр Д.Сумъяабазарыг хотын дарга болсноос хойш эзгүйрсэн Сонгинохайрхан дүүргийг тойрог ч нэмэгдэнэ.

Тэгэхээр Төрийн тэргүүнээс буусны дараа Х.Баттулгын өмнө АН дахь барьцаа улам лавшуурах, бүр өөрөө парламентад орж ирэх гэсэн хоёр боломж нээгдэх нь тодорхой болж байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт Д.Сумъяабазарын орыг залгах уу? эсвэл Хэнтий аймагт буурь сэлгэх үү?. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хоёуланд нь М.Энхболдоос тасархай хол санал авсан, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Төрийн тэргүүнээр ажилласан рейтинг нь хэсэгтээ замхрахгүй учраас аль аль нь Х.Баттулгад хамгийн боломжит хувилбар юм.

Г.Эрхэс