Л.Оюун-Эрдэнэ: Японы талд давуу эрх олгох хэрэгтэй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн, хөгжлийн сайд Г.Халтар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон холбогдох албан тушаалтнууд өнөө өглөө Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд ажиллалаа. Хөшигийн хөндийн Чингис хаан олон улсын нисэх буудал долдугаар сарын 4-нд ашиглалтад орно гэдгийг холбогдох албаныхан хэллээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн чиглэл өгөв. Тэрбээр “Үндэсний их баяр наадам болно. Жуулчид Монголыг зорьж ирэх боломжийг хангах хэрэгтэй. Вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэдийг хүлээж авна. Долдугаар сарын 4 гэдэг хугацааг одооноос бид олон улсад зарлах хэрэгтэй. Хөшигийн хөндийн төлөвлөлттэй холбоотой асуудлыг яаралтай Засгийн газрын хуралдаанаар оруулж ирж батлуулах хэрэгтэй. Шаардлагатай бол Хөшигийн хөндийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Нэг үгээр хэлбэл, Улаанбаатар хоттой дүйцэхүйц эдийн засгийн чөлөөт таталцлын төв бий болгох ёстой. Ажлын байр олноор гаргах хэрэгтэй. Одооноос төлөвлөлтүүдийг хийх хэрэгтэй. Богдхан төмөр замыг долдугаар сарын 4 гэхэд эхлүүлэх чиглэлийг өгч байна. Одоо яриад яваад байдгаа болих хэрэгтэй. Ингэхдээ хувийн хэвшлүүдтэй хамтарч, логистикийн төвүүдийг нээх хэрэгтэй. Бүтээн байгуулалтын ажилд Японы талд давуу эрх олгох хэрэгтэй" гэлээ.

Шинэ нисэх буудал дээр Шуурхай удирдлагын төв байгуулсан 38 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Буянт-Ухаа нисэх онгоцны буудал дээр байгаа агаарын хөлгүүдийг шинэ нисэх онгоцны буудал руу туршилтын нислэг хийлгэнэ. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцыг шинэ буудалд газардуулахаар болжээ.