Ирж яваа цагийн дууг харьж яваа Н.Энхбаяр дуулах нь

...Би Төрийн ордны хоёр давхарт зүгээр л зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд байхыг хүсэхгүй байна. Монгол төрийн түүхэнд тодорхой ажил хийсэн, томоохон өөрчлөлт хийсэн Ерөнхий сайд байхыг хүсч байгаа. Үүнийхээ төлөө хуулийн хүрээнд ажиллана. Надад ямар нэгэн айдас алга...

Одоогоос дөрвөн жилийн өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Шадар сайд асан У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар нэр дэвшихдээ ийн хэлж байлаа. Тэр ч хэлсэндээ хүрсэн. 30-аас 31 дэх Ерөнхий сайд болж улираад зогсохгүй Төрийн тэргүүний сэнтийд буйр сэлгэсэн намтартайгаар улстөрчийн замналдаа ийн том үсрэлт хийв.

2000-2009 оныг хүртэл Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гэсэн Төрийн гурав, хоёр, нэгдүгээр албан тушаалд зогсолтгүй урагшилж, дээшилсэн есөн жилийн рекордыг Н.Энхбаяр Монголын улстөрчдөөс ганцаараа эзэмшиж байсныг У.Хүрэлсүх нэг жилээр ахиулж тас цохьсон нь энэ. Мэдээж Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрөөс нь албажих Үндсэн хуулиар олгосон бүрэн эрх нь дуусгавар болох зургаан жилийн дараа.

Ард түмний эв нэгдлийн бэлгэдэл, айл өрхөөр гэрийн эзний суудалд У.Хүрэлсүх зорьж, хүсч, тэмүүлж хүрсэн шиг удахгүй тайлах “давхар дээл”-ийг нөмрөхөөс эхлээд албан тушаалын хуваарилалтад багтах хоёрдугаар ээлжийнхэн МАН-д нэгээр тоологдохгүй олон. Тэдгээрийн хамгийн тод, том төлөөлөл нь Н.Энхбаяр. У.Хүрэлсүх өнөөдрийн өндөрлөгт хүрэхдээ 1992 оноос хойш төрсөн хамгийн хүчтэй Ерөнхий сайдын суудлаараа дэнчин тавьсан бол Н.Энхбаяр 2011 оноос эхлэн гуравдагч хүчний сул орон зайд тоглолт хийж ирсэн МАХН-аа мөрийнд өгсөн нэгэн. 2012 оны УИХ-ын, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд төрөлх намынхаа зүрхэнд шар ус хуруулж, засаглалын бялуунаас их, бага хэмжээгээр хүртсэн тэрбээр МАН-ын 100, МАХН-ын 10 жилийн босгон дээр төрхөмдөө буцсан нь саяхан.

“Урт шар дээлтэй хүн” болтлоо өргөмжлөгдөж, нэгэн цагийн ялалтын түүхийг нь өмчилж, өөрийн орон зайг дархалж ирсэн МАН-даа багтахаа больж, шившигтэйгээр хөөгдөж, өрх тусгаарласан Н.Энхбаяр өнгөрсөн 10 жилийн хугацаанд уугуул намынхаа хар дарсан зүүд нь байсан уу гэвэл мэдээж тийм. Гагцхүү өөрийнх нь үеэс, 2009 оноос хойш 12 жилийн хугацаанд Төрийн наадам нээж чадаагүй МАН шинэ Ерөнхийлөгчөө төрүүлэхэд түших багана, тулах цэг нь гайхал Н.Энхбаяр байна гэж хэн санах вэ?. Тэр тусмаа У.Хүрэлсүхэд. Улс төрийн хөдөлгүүр хүч нь мөнхийн эрх ашиг учраас МАН-ын генсек байхдаа хөсөр хаясан Н.Энхбаяртаа Намын даргын хувиар цагаан хадаг барих өдөр У.Хүрэлсүхэд ирсэн юм, тодорхой тохироотойгоор.

Тэр нь эхний ээлжид намын албан тушаалд өгсөн 30 орчим хувийн квот. Үүнд татан буугдсан МАХН-ын гишүүдээс Удирдах зөвлөлд 8, Бага хуралд 110 хүн, нийслэл, аймаг, намын хорооны тэргүүлэгч гишүүнээр зургаан хүн зэргээр МАН-ын бүтцэд шууд хуваарилалт явуулах юм. Цаашлаад улсын хэмжээнд 2200 орчим хүн намын албан тушаалд очно гэдгийг Н.Энхбаяр өөрөө зарласан. Зарласан гэхээсээ авахаа мэдэгдсэн.

Гэхдээ Н.Энхбаярын эргэн ирэлт 2200 хүнийг намын албан тушаалд томилсноор хязгаарлагдахгүй. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөж, МАН-ын дараагийн дарга тойрсон дахин хуваарилалтын үр дүнд Засгийн газарт Н.Энхбаярын төлөөний хүмүүс орж таарна. Араас нь хүү Батшугарыг Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшүүлнэ. Ардын Нам засаглалын бүх төвшинд засаглаж байгаа нь нөхөн сонгуулийн сөрөг пи-ар болох магадлалтай ч эрх баригч намын дэмжлэг гэдэг хамгийн том хөшүүрэг.  У.Хүрэлсүхийн үлдээсэн Хэнтийн тойрог ч Н.Энхбаярын дайны улстөрчийн цээжинд хангалттай багтаж яваа.

Уг зүй тогтлоор улс төрийн уур амьсгал үргэлжилбэл, Э.Батшугар Сонгинохайрхан дүүргээс, Н.Энхбаяр Хэнтийн аймгаас нөхөн сонгуульд өрсөлдөөд гараад ирвэл аав, хүү хоёр парламентад тохой нийлүүлэн сууж бас нэгэн рекордыг тогтооно. Саяхныг хүртэл ялтайд тооцох хугацаа нь дуусгавар болоогүй гэсэн ганц өгүүлбэрээр нэр дэвшихээс эхлээд Төрийн өндөр албан тушаал хаших бүх шатанд хаалттай явсан асуудлыг шийдэж, шийдвэрлүүлэх олсны үзүүрийг тэр хэдийнэ атгачихсан суугаа.

10 жилийн өмнө тэр хэн ч биш болоод МАН-ын хаалгыг хааж байсан бол 100 жилийн ойгоороо дахин өөрийн орон зайг ийнхүү дархлах нь. Ирж яваа цагийн дууг харьж яваа хүн дуулдаггүй гэлцдэг. Үнэн л байх. Эрх ашгийнхаа төлөө цагийн зүүний ч эсрэг ажиллах туршлага, зангараг, заль ганц Н.Энхбаяраас л гарна. Юу үнэн энэ л үнэн.

С.Гандөл