"Номын баяр"-ыг амралтын өдөр болгох хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт 2020 оны есдүгээр сарын 18-нд өргөн барьсныг чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулжээ.

 

Тодруулбал, тус хуулийн 5-р зүйлийн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд” гэсэн хэсэгт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд. Тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр төсөлд тусгажээ. Хэрвээ уг хууль батлагдвал тав болон есдүгээр сард хоёр удаа “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болж, тус өдрүүдэд бүх нийтээр амардаг болох юм.

Манай улсын хувьд 2000 оны эхэн үеэс эхлэн зарим төрийн бус байгууллагууд санаачлан “Үндэсний номын баяр”-ыг тэмдэглэж ирсэн байдаг. Улмаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 онд зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байхаар болсон юм.