Х.Тэмүүжин: Ардчилсан хүчингүй улс унаж байна

АН-ын нэр бүхий гишүүд намдаа үүсээд байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Жирийн гишүүдээс намын Онц Их хурлыг хуралдуулах хүсэлт ирж байна. Өнгөрсөн хугацаанд намын Их хурлыг хуралдуулахыг гишүүд шаардсан. Улаанбаатар хотын 200 гаруй намын хороо байна. Намын хорооны дарга нар дэмжиж өгөөрэй. Ингэснээр АН-аа бид авч үлдэж чадна” гэв.

Харин Хууль зүйн сайд  асан Х.Тэмүүжин “Тамганы булан барьж хуваагдсан хоёр тал нэг нэгэндээ дэгээ тавихаас илүү босож зогсоод хоёр биендээ хамтдаа алхах цаг болсон байна. Ардчилсан намгүйгээр явагдаж байгаа сонгууль, ардчилсан хүчингүйгээр болж буй үйл явдалд хохирогч нь иргэд байх болно. АН улс орны хувь заяаг шийддэг нам байхын тулд бид нэгдэх цаг болсон. Эв нэгдэлтэй АН-ыг бий болгохын тулд гишүүдийнхээ дэмжлэгийг авах санаачилгыг эхлүүлж байна. Намыг шинэчлэх, гайхамшигтай гоё болгох санаачилга биш.

Нэг нам, нэг үзэл баримтлал дээрээ байгааг харуулахыг хүсэж байна. Хоёр тал бие биенээ дэмжээд цаашаа явах цаг болсон. Ардчилсан хүчингүй улс унаж байна. Гишүүдээ хонь мэт харах бус ардчилал, тусгаар тогтнолд хүч өгдөг иргэд гэж харж нэгдэх цаг болжээ. Хоёр тал болоод үлдэж байгаа зарим гишүүд Ардын намтай ажлын хэсэг байгуулж байна. Хүчтэй нам байхын тулд бид нэгдэх цаг болсон. Иргэдийн итгэлийг өөр хоорондоо талцаж хэрэлдэж байгаа үйлдэл үгүй хийж байна. Тиймээс эв нэгдэлтэй АН-ыг бий болгохоор мянга мянган гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна” гэсэн юм.