Г.Дамдинням: Ямар ч туршлагагүй Хятадын компанийг шалгах ёстой

УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа Дарханы замыг барьж дуустал салбарын сайдынх нь өрөөнд “өнжих”-өө мэдэгдсэн Г.Дамдинням саяхан эргэлтээр очоод иржээ. Дарханы замын төслийг анх Азийн Хөгжлийн банк (АХБ) -ны санхүүжилттэй таван багц ажлын хүрээнд хийж байсан юм. Харин өнгөрсөн хавраас Европын сэргээн босголт банк (ЕБСХБ)-ны санхүүжилттэйгээр хоёр урсгал шинээр нэмж хийхээр болж, нийт арван багцын ажлыг эхлүүлээд буй. Ингэхдээ АХБ-ны таван багцаас 2, 4 гэсэн хоёр багцыг авч, тендерт шалгарсан компанийн ажил урагшлахгүй байсныг талууд авч хэлэлцэн гэрээг цуцлах хүртэл хэмжээнд асуудлыг шийдвэрлэжээ.

Гүйцэтгэгч БНХАУ-ын "Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг Групп” гэх уг компани гэрээгээ цуцлахыг зөвшөөрсөн боловч нөхөн төлбөрийн асуудал үүсгэснээр дараагийн компанийг сонгон шалгаруулахад багагүй хугацаа алдсан байна. Харин энэ асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг гарч, тухайн компанийн гүйцэтгэсэн ажлынх нь бодит хэмжилтийг хийн үнийг тооцож, хяналт үнэлгээ хийж эхэлжээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Дарханчууд намайг замаа хурдан дуусгаарай гэсэн захиас даалгавартай сонгосон. ЕСБХБ-ны шинэ таван багц болон АХБ-ны гурван багцын ажил сайн, эрчтэй явж байгаа. Харин ажил нь зогссон, эдийн засагт маш их хор нөлөө учруулж, олон аймгийн ард иргэдийг хохироож байгаа АХБ-ны 2,4-р багцын асуудлыг шуурхай шийдэх хэрэгтэй байгаа. Анхнаасаа уг хоёр багц ажлыг хамтад нь тухайн үеийн ЗТЯ ямар ч туршлагагүй БНХАУ-ын "Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг Групп" гэдэг компанид өгсөн явдлыг шалгах ёстой. Харин одоо энэ компанийн асуудал үндсэндээ шийдэгдэж байгааг дуулгахад баяртай байна. Холбогдох талууд газар дээр нь хяналт үнэлгээ хийх ажлыг эхлүүлсэн. Үнэлгээ дуусмагц гэрээ цуцлагдаж дараагийн гүйцэтгэгч ажилдаа орох боломж нээгдэнэ. Одоо өмнөх гэрээг цуцалж, туршлага, чадавхитай компанийг сонгон шалгаруулж яаралтай ажилд нь оруулах нь хамгийн чухал байна” гэжээ. АХБ-ны бусад багцын хучилтууд долдугаар сарын 1 гэхэд дуусч, ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.