Т.Доржханд: Ямар вирус тарж байгааг маш яаралтай тодорхой болгооч ээ

"Ковид-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх УИХ-ын Түр хороо хуралдаж байна. Хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулсан юм.

Энэ үеэр гишүүн Т.Доржханд вакцин болон мутацид орсон гэх халдварын талаар мэргэжлийн байгууллагаас албан ёсны тайлбар хийхийг шаардав. Тэрбээр “Яг ямар вирус тарж байгааг хэн ч мэдэхгүй байна. Яамны судалгааны байгууллага үүнийгээ тогтоохгүй байна. Ямар вирус тарж байгааг маш яаралтай тодорхой болгооч ээ!. Өнөөдрөөс “Ковид-19”-ийн тестийг мөнгөөр хийнэ гэсэн, энэ үнэн үү? Хүүхдүүдэд вакцин хийж эхэлсэн. Яваад очихоор хийхгүй байна. Яагаад 16, 17 настай хүүхдүүдэд хийхгүй байгаа юм бэ. Бидэнд ганцхан шийдэл байна. Хоёр вакцин хийлгэсэн байхад гурав дахь нь “Файзер”, “Модерна” хийнэ гэж байна. Үүнийг эрдэмтэд чинь хэлээд байна. Эрүүл мэндийн яаманд байгаа эрдэмтэд хуралдаж шийдвэрээ гаргахгүй байна” гэв.

Хариуд нь “Япон руу 50 сорьц явуулсан. Хариу гарсны дараа ямар хувилбар тархаж байгаа нь тодорхой болно. Монголд тархсан нь Их Британийн хувилбартай давхацсан нэг хоёр мутаци гарсан. Шинээр халдвар авсан иргэдийн дийлэнх нь вакцинаа хийлгээгүй. Нас барсан иргэдийн олонх нь эхний тундаа ч хамрагдаагүй. Суурь өвчтэй хүмүүс нас барж байна” гэсэн тайлбарыг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлсэн юм.