Үндэсний уламжлалыг сийлэгч “ӨВ-УР”-ынхан

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Б.Жагдагсүрэнг урьсан юм.


 Тэрбээр ханьтайгаа хамт модон эко эдлэлийн “ӨВ-УР” брэндийг үүсгэн байгуулжээ. Хэвлэл мэдээллийн салбарт амжилттай ажиллаж байгаад хэсэг хугацаанд Солонгос улсад суралцаж ирээд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотыг зорьсон гэнэ. Их хотын амьдралд идээшин дассан залуухан хосууд хөдөө нутагт хүссэн ажлынхаа эхлэлийг тавихаар хүлгийн жолоо залсан нь энэ. Түүний ханийг Н.Ууганбаяр гэдэг. Эдийн засагч мэргэжилтэй залуу ХААН банкинд зургаан жил ажиллаад ийн хөдөөг зорьжээ. Гурван хүүхдийн аав, ээж болсон тэд модон эдлэлтэй хэрхэн амьдралаа холбосныг сийрүүллээ.

Н.Ууганбаярын талынхан удам дамжсан мужаан хүмүүс. Аавыгаа монгол гэрийн тавилга урлахад хүүхдүүд нь тусалж, суралцаж өссөн нь одоогийн бичил үйлдвэрлэлээ явуулахад дөхөм байсан байна.

Харин Б.Жагдагсүрэн БНСУ-д байх хугацаандаа нэг зүйлийг анзаарсан нь тус улсын иргэдийн хөдөлмөрч дадал байв. Эх орондоо ирснийхээ дараа тэрбээр бусдын гар харах бус өөрсдөө үндэсний үйлдвэрлэгч болох ёстой гэсэн зорилго тавьжээ. Үйлдвэрлэл эрхлэхэд шинэлэг санаа хэрэгтэй. Түүнийгээ хэрэгжүүлэхэд ажиллах хүч шаардлагатай. Энгийн гэмээр эдгээр шаардлага Б.Жагдагсүрэнд тийм ч холын мөрөөдөл байсангүй. Нэн түрүүнд модон эдлэлийн үйлдвэрлэл эрхлэхийг зорьсон түүний хань багаасаа гарын ур дүйтэй нэгэн учир илүү дөхөм байжээ.

No description available.Хэдийгээр өмнө нь өөрсдийгөө сорьж үзээгүй ч үндэсний өв уламжлалыг илтгэх бэлэг дурсгал, ахуйн хэрэглээний модон эдлэлийг хийж, зах зээлд нэвтрүүлж эхэлсэн байна. Сэтгэлдээ тээсэн ажлаа бодит болгохын тулд судалгааны ажлыг ч багагүй хугацаанд хийсэн гэнэ. Аливаа ажлыг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээс эхлээд худалдан авагчийн сонирхолд нийцэх эсэхийг давхар судалсан байх хэрэгтэй.

“ӨВ-УР” брэндийн анхны бүтээл түмэн насан хээтэй, дөрвөн талдаа дөрвөн хүчтэнг дүрсэлсэн, шагайн цоожтой буян хишгийн жижиг авдар. “Үндэсний хэв загвараа шингээж авдар хийж чадаж байгаа хэрнээ яагаад хятад цоож зүүх ёстой юм гэж бодсон. Тиймээс юугаар цоож хийвэл бүхэлдээ үндэсний хэв маягаа алдахгүй байж чадах вэ? хэмээн удаан бодсоны эцэст шагайгаар хийх боломжтойг олж мэдсэн юм.

Аль болох шинийг санаачилж, бүтээгдэхүүнүүдээ гаргахыг хичээдэг. Авдар маань өөрөө тэр чигтээ үндэсний гэсэн утга агуулга дүүрэн, дээрээс нь маш шинэлэг буюу шагай цоожтой учраас хэрэглэгч захиалагчийн таашаалд нийцэж байгааг мэдэрдэг” гэдгийг тэрбээр онцлов.

No description available.

Ахуйн нөхцөлд модон бүтээгдэхүүн хийхэд гар ажиллагаа ихтэйгээс гадна ур дүй уран сэтгэмж шаардана. Бүтээгдэхүүний түүхий эд болох модоо нарийн хэмжээст хар зургийн дагуу тайрч бэлтгэхээс эхэлнэ. Үүний дараа нааж, харуулдаж, угсарч зүлгүүрдэж, өнгөлгөө хийснээр бүтээлийн ерөнхий их биеийг бэлэн болгодог. Эцэст нь хээ чимэглэлийг тавьснаар хэрэглэгчид хүрнэ. Загварын эхээ бэлтгэхээс ажил эхэлж, олон шат дамжлага дамжиж бүтдэг учир нөр их хөдөлмөр, ур ухаан шингэдэг гэсэн үг.

“ӨВ-УР” брэндийнхэн одоогоор дөрвөн хүчтэн бүхий авдар, Монгол Улсын газрын зурган хэлбэртэй ханын цаг, гал тогооны иж бүрдэл, аймаг болон сумдын эвлүүлдэг “ПАЗЛ” тоглоом зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. “ӨВ-УР” брэнд зах зээлд өөрийн гэсэн орон зайгаа олоход хань Н.Ууганбаярынх нь аав Т.Нямдорж гуай нөлөө үзүүлжээ.

Аливаа ажлыг эхлүүлэхэд хөрөнгө санхүү, тоног төхөөрөмжийн асуудал тулгардаг. Харин уран аавынх нь багаж тоног төхөөрөмж үйлдвэрлэлээ эхлүүлэхэд гол дэмжлэг болжээ. Өдгөө тэд мужааны үндсэн тоног төхөөрөмжөөс гадна орчин үеийн сийлбэрийн машин ашиглан бүтээгдэхүүнээ урлаж байна.

No description available.

Эрүүл эко бүтээгдэхүүн гэдэг утгаараа модон эдлэлийг хэрэглэх хүний тоо жил ирэх тусам нэмэгдэж буй. Өнгө үзэмж сайтай, хэрэглээ удаан учраас эх орны өнцөг булан бүрээс захиалга өгдөг болсон байна. Энэ тухай Б.Жагдагсүрэн “Бид шинэ бүтээгдэхүүн гаргахдаа загвар хийцийг нь хоорондоо маш сайн ярилцаж санал солилцож, хэд хэдэн удаа туршиж үзсэний  дараа худалдаанд гаргадаг. Заримдаа захиалагчийнхаа хүсэл сонирхлын дагуу цор ганц загварыг ч хийнэ. Тиймээс захиалагч нар маань сэтгэл хангалуун байдаг. Бүтээгдэхүүний үнэлгээг материал түүхий эд, ажиллаж байгаа хүн хүчний тооцоо, тухайн бүтээлд хэр их цаг хугацаа ажиллагаа шаардаж байгааг нарийн тооцооллын үндсэнд гаргадаг. Аль болох зах зээлийн үнэнээс доогуур, уян хатан байхыг хичээж ажиллаж байна” гэсэн юм.

“ӨВ-УР”-ынхан үйлдвэрлэлээ Өвөрхангай аймагт явуулдаг ч хэдийнэ Өмнөговь, Дархан, Баянхонгор, Архангайд хамтарч ажилладаг түнштэй болж өргөжжээ. Цаашлаад уг хүрээллээ тэлж 21 аймагт түншлэх зорилго тавьсан байна. Харилцаа холбоо хөгжсөн энэ үед хаанаас ч захиалга авч хот хоорондын тээврээр хүргүүлж үйлчлүүлэх боломжтой. Улаанбаатар хотын захиалагч нарт зориулж гэрт нь хүргэх үйлчилгээг нэвтрүүлэхээр холбогдох байгуулагтай хамтарч ажиллахаар төлөвлөжээ.

Сонирхуулахад Б.Жагдагсүрэн сэтгүүлч мэргэжилтэй. Мэргэжлийнхээ хүрээнд “ГЭНЭТИЙН БЭЛЭГ” нэвтрүүлгийг хийж бусдыг баярлуулж яваа нь “Би мэргэжлээ орхиж чадахгүй” гэсэн үгтэй нь холбоотой байж мэднэ.

С.Ичинхорлоо 

“ӨВ-УР” брэндтэй холбогдохыг хүсвэл  99400160 болон 99047968 гэсэн утсаар болон “ӨВ маркетинг хөтөч” фэйсбүүк группээр холбогдоорой.

No description available.

No description available.